• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-30 18:58:36
Үзсэн: 370

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-30 18:58:36 Үзсэн: 370



       

      Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Залуу халуун насаа эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд зориулж, цэрэг дайчдыг сургаж мэргэшүүлэхэд хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулсан ахмад буурлуудаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан 9 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Цэргийн дүрэмт хувцасных энгэрт нь хөдөлмөр зүтгэлийнх нь илэрхийлэл болсон төрийн дээд одон медалиуд гялалзаж, командлалын Байлдааны тугийн өмнө хүндэтгэлтэй нь аргагүй өвдөглөн бөхийж, “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслох нь тэдний сэтгэл зүрхэнд Зэвсэгт хүчин өнөөх л янзаараа хамгийн дотнын хайртай орчин нь гэдэг нь андашгүй харагдах ажээ. Уригдан ирсэн хүндэт зочдын хамгийн ахмад нь Зэвсэгт хүчиндээ Төрийн хүндэт харуулын анхны цэрэг гэдгээрээ алдартай чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатар, Ардын Армийн тавдугаар армийн Артиллерийн командлагч, чөлөөнд байгаа хурандаа Б.Арслан нар бол хамгийн залуу нь тус командлалын Хангалт үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл дэд хурандаа Г.Гантуяа байв.

Бэлтгэл дэд хурандаа Г.Гантуяа нь ҮБХИС-ийн эмэгтэй цэргийн алба хаагч бэлтгэж эхэлснээс хойшхи хоёр дахь үеийн эмэгтэй офицер, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд болон Хуурай замын цэргийн командлалын арын албанд 25 жил алба хаасан бүсгүй. Командлалаас тэтгэвэртээ гарсан түүнд мөн энэ өдөр Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд алд цэнхэр хадаг болон дурсгалын зүйлс гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Уригдан ирсэн хүндэт зочдыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тэргүүтэй удирдлагууд угтан авч Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажлаар явсныг  дуулгаад, хүрэлцэн ирсэн явдалд нь талархал илэрхийлэв. Хүндэтгэлийн арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд Хуурай замын цэргийнхний  сүүлийн үеийн ололт амжилтаа дурдаж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хамтарсан болон хээрийн сургуулиуд, бэлтгэл сургалт, бэлэн байдлаа хэрхэн дээшлүүлж байгаа талаар товчхон танилцуулга хийж, ахмадуудын сонирхсон асуултад нь хариуллаа.

Үүний дараа зарим ахмад “Ийм сайхан хамт олонд гар хоосон ирсэнгүй. Миний өчүүхэн бэлгийг хүлээн авна уу” хэмээн төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг харуулсан уран зураг, өөрийн ажил, амьдралынхаа бичсэн ном дуртгалаа бэлэглэж, “Хуурай замын цэргийнхний ажил үйлс үргэлж өөдөө байг” хэмээн ерөөлөө. Энэ үеэр дараа чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойн медалиар шагнагдсаныг бригадын генерал Л.Онцгойбаяр гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Танилцуулгын төгсгөлд бас нэгэн хүндтэй арга хэмжээг зохион байгуулсан нь ахмадуудаа Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслол байв. Цаг агаарын нөхцөл байдлыг үндэслэн уг ёслолын арга хэмжээг хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд ахмад дайчид Байлдааны туг дор хүндэтгэн бөхийж, ёсолж, дурсгалын зургаа ч татуулж, хүндэтгэлийн зоог барьсан юм. Мөн гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудад Хуурай замын нэгтгэл, ангиудын авьяаслаг алба хаагчид урлагийн бяцхан тоглолт дэглэж, сонирхууллаа.

Энэ үеэр зарим ахмадуудын сэтгэгдлийг хуваалцсан юм.

Чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатар:

-Цэргийн галын цохилтын гол хүч нь Хуурай замын цэрэг юм. Энэ хүндтэй үүргийг биелүүлж яваа Хуурай замын цэргийн командлалынхаа байраар орж, алба хаагчидтай нь сайхан яриа өрнүүллээ. Миний хувьд Хуурай замын цэргийн гурван дээд сургуулийг төгсөж, гурван ч хороо командлан удирдаж явсан хүн. Хуурай замын цэрэг гэдэг миний хайртай орчин, нэршил. Жил ирэх тутам хөгжиж, бэхжиж байгаад нь сэтгэгдэл их өндөр явдаг даа. Сүүлийн үед цар тахал гээд гэрээсээ ч гарахгүй зөвхөн зурагт, радио, сониноор цэргийн  тухай мэдээлэл авч байна. Харин өнөөдөр хуучны нөхөдтэйгөө нүүр тулаад уулзахад их сайхан байна шүү. Жил бүр хүндэтгэн урьдаг хүүхдүүддээ баярлалаа.

Чөлөөнд байгаа хурандаа Б.Арслан:

-Хуурай замын цэргийн командлагчийн урилгаар Хуурай замын цэргийн шинэ хотхонд хөл тавилаа. БХЯ, ЗХЖШ-аас Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүний ажлын байр, амьдрах орчин нөхцөлийг нь үнэхээр сайн хангаж өгчээ гэж харж байна. Өөрсдөө дор бүртээ тохижилт хийж, өнгө зүсээ тордсон нь илэрхий харагдаж байна. Өндөр хөгжилтэй орны Зэвсэгт хүчин ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрж байна. Хамгийн сайхан үйл явдал нь нэгэн цагт дарга цэрэг явсан хошууч генерал Т.Баатартайгаа уулзлаа. Би гэдэг нөхөр тавдугаар армийн артиллерийн командлагчаар ажиллаж байхад Т.Баатар миний штабын дарга байсан. Бид ОХУ-д олон жил хамтдаа суралцаж, хээрийн сургуулийн шороонд олон ч жил хамтдаа нүдүүлсэн хоёр. Өнөөдөр царай бараагаа хараад тэр үедээ оччихсон юм шиг их сайхан санагдаж байна. Би 90 нас, манай Т.Баатар 85 насыг зооглож байна. Хуурай замын цэргийнхэн маань цаашдаа настан буурал бидэнтэй үргэлж холбоотой байна гэдэгт нь итгэж байна. Манай залуус их сайхан ажлын байр, ажиллах орчинтой болжээ.

Бэлтгэл хурандаа Д.Баярхүү:

-Хуурай замын цэргийн командлалд мөр зэрэгцэн алба хааж байсан нөхөдтэйгөө уулзаад их сайхан байна. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхийн цаад ач холбогдол нь нэгэн цагт хамтдаа алба хааж байсан нөхдийг уулзуулах байдаг. Миний хувьд 2009 онд Хуурай замын цэргийн анхны штабын даргаар томилогдож ажилласан гэдгээрээ үргэлж бахархаж явдаг юм. Зэвсэгт хүчний 38 жил алба хаагаад 2012 онд гавьяаныхаа амралтад гарсан. Өнөөдөр манай Зэвсэгт хүчин өргөжин хөгжиж, олон улсад нь алдар суугаа цуурайтуулж яваад нь бэлтгэл офицерын хувьд баяртай байдаг. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаа нь манай цэргийнхний хоёр дахь үүрэг. Харин нэгдүгээр үүрэг нь байлдах чадвараа дээшлүүлж, бэлтгэл сургалтаа чанаржуулах тухай асуудал бөгөөд үүндээ цаашид улам илүү анхаарал тавьж ажиллаасай гэж хүсэх байна.

Чөлөөнд байгаа ахмад Л.Чулуунбаатар:

-Хуурай замын цэргийн командлал нь жил бүр ахмадуудаа хүндэтгэн хүлээж авдаг юм. Цэрэг арми гэдэг их сайхан орчин. Анх нь 1979 оны 2 дугаар сарын 6-ны өдөр офицер болсноо одоо ч тод санагдаж байна. Тэр үед Цэргийн химийн лаборатори гэж байлаа. Түүнээс ажлын гараагаа эхэлснээс хойш 17 жил алба хаасан байдаг юм. Миний хань, чөлөөнд байгаа хурандаа Д.Налжир ч мөн ялгаагүй цэрэг дайчдынхаа төлөө залуу насаа зориулсан хүн. Бид хоёр цэргийн анги дамжин, хүүхдүүдээ тэврээд явж байсан мөч маань одоо бодоход залуу насны минь чимэг байжээ гэж хардаг шүү гэв. Түүнийг ярихыг сонсож зогссон чөлөөнд байгаа хурандаа Ө.Дорж цэргийн амьдралаар амьдарсан хүмүүсийн сэтгэлийн гүнд цэрэг дайчид үргэлж уяатай байдаг. Цэрэг байхад зовлон гэж байдаггүй жаргал гэж л байдаг юм даа хэмээн хуучилсан юм. Хүндэтгэлийн ёслолын дараа Хуурай замын цэргийн командлалын Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хурандаа С.Лхасүрэн ахмад буурлуудаа хүлээн авсанд талархал илэрхийлээд Хуурай замын цэргийн удирдлагууд бидний туршлага, мэдлэгийг ашиглахад татгалзах зүйлгүй хэмээн нийт бие бүрэлдэхүүнд өндөр амжилт хүслээ. 

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108