

Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах “Цэрэгжлийн гимнастик”-ийн сонс эргэлтийн тэмцээн ид явагдаж явав. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тамирчид сугалаа ёсоор ээлжлэн гарч, сонс эргэсээр байх бөгөөд тэдний дунд үзэгчдийн алга ташилт дор нэгэн тамирчин гарч ирсэн нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч С.Батцэнгэл байв. Сонс эргэлтийн тамирчид түүнийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж тодотгож, тэмцээний гүйцэтгэлийг нь нүд, чих тавин анхааралтай ажиглаж, 400 гараад ирэхэд нь алга ташиж дэмжив. Хөндлөнгөөс харахад зүгээр л цагийн зүү шиг ямар ч хүндрэлгүй, тойрон эргэлдэх. Тэрээр энэ цаг үедээ Зэвсэгт хүчиндээ өөрийгөө сонс эргэлтээр дархалж яваа тамирчин гэдэг нь даалгаврын гүйцэтгэлээс тун тодорхой харагдах ажээ. 2016, 2018, 2019 оны Зэвсэгт хүчний сонс эргэлтийн хошой аварга гээд бод л доо. 2017 он түүний оролцолгүй өнжсөн ганц жил нь гэнэ лээ. Үзэгчдийн алга ташилт дунд цагийн зүү шиг тойрон эргэлдсээр 463 эргэж, сая нэг юм зогсов. Мэдээж энэ жил тэр дахиад л алтан медаль хүртэх болзлоо хангаж, өмнөх амжилтуудаа хэдийн шинэчилсэн байлаа.
Тэр бас зөвхөн сонс эргэлтийн тамирчин биш билээ. Хэт холын марафоны Монгол Улсын шилдэг тамирчдын нэг, олон улсын хэмжээний мастер. Бүр тодруулбал, Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн 50 километрийн рекорд эзэмшигч. Түүний гол спорт нь хэт холын марафон бөгөөд амжилтуудынх нь цөөн хэсгийг нь дурдахад, 2019 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Чежү” олон улсын 100 километрийн марафон гүйлтэд 8 цаг 07 минутад туулан тэргүүн байр, залгуулаад БНХАУ-д явагдсан 50 километрийн олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож чадсан юм.
Олон спортын эзэн болж яваа түүний сэтгэгдлээс нь хуваалцахад “Марафон гүйлтээр дунд сургуулийн сурагч байхаасаа л хичээллэсэн. Тэр үедээ төдийлөн их амжилт ч үзүүлж байсангүй. Зөвхөн сонирхлоороо шахам гүйдэг байлаа. Харин 2015 оноос идэвхтэй хичээллэж, 2017 онд 12, 24 цагийн улсын аваргад түрүүлсэн нь надад урам зориг, эрч хүч өгч чадсан. Түүнээс хойш бүсийн, улсын, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсын 50 километрийн рекордыг шинэчлэн тогтоосондоо баяртай явдаг даа. Сонс эргэлтийн тухайд 2016 оноос хойш дагнан хичээллэсэн. Анхны тэмцээндээ 403 эргэж, алтан медаль хүртэж байлаа. Тэр үед зөвхөн эргэхийг нь л тооцож, тохой, хөл нугарч болдог байсан юм. 2017 оноос дүрэмд өөрчлөлт оруулан хөл, тохио нугарахыг хориглож, зөвхөн цагийн зүү шиг жигд байхыг шаарддаг болсон юм. Энэ нь тамирчдад нэлээд хэцүү болж ирж байгаа тал бий” гэв. Тэрээр өдгөөгөөс хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэргийн гурван төрөлд гүйлтээр хувийн болон багийн дүнгээр хос мөнгөн медалийн эзэн болсон юм. Түүний цаашдын гол зорилго нь хэт холын марафон гүйлтээр олимпын эрх авах, сонс эргэлтээр гиннесийн амжилт тогтоох гэнэ лээ. Гиннесийн амжилт 1001 байдаг бөгөөд түүний хувьд бэлтгэлийн үеэр энэ тоонд түүртэлгүй хүрдэг байна.
Ташрамд онцлоход, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид түүнээс гадна марафон гүйлтээр хичээллэдэг цөөнгүй алба хаагчид байдаг ба тэд 6, 12, 24 цагийн хэт холын марафон гүйлтийн Монгол Улсын рекорд эзэмшигчид юм. Дэд ахлагч С.Батцэнгэлийг оролцуулбал нийтдээ дөрвөн рекорд эзэмшигч Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашаанд байна гэсэн үг юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА