

Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны 83 жил, “Зенитчдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд үе үеийн зенитчдэд зориулсан “Дурсгалын цогцолбор хөшөө” сүндэрлэлээ. Цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболд, “Зенитийн холбоо” ТББ-ын тэргүүн, чөлөөнд байгаа хошууч М.Ягаан тэргүүтэй үе үеийн зенитчид оролцож, ёслолын тууз хайчлав. Энэхүү цогцолбор нь үе үеийн зенитчдийн алдар гавьяаг мөнхөлж, Цэргийг агаараас хамгаалах жагсаалд хүчин зүтгэж байгаа хойч үедээ өвлүүлэн үлдээх дурсгал болсон тухай чөлөөнд байгаа хошууч М.Ягаан онцолж, хурандаа С.Батболд үе үеийн зенитчдэд хандаж баяр хүргэж, үг хэлсэн. Тэрээр “Хуурай замын цэргийг агаарын довтолгооноос хамгаалах их үйлсэд эрдэм бүтээл, хөдөлмөрөө зориулсан эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан алба хаагчид, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа зенитчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа дайчид та бүхэндээ Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны 83 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Бидний хамтдаа бүтээсэн амжилт бүхэн халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан, эх орондоо тангараг өргөн зүтгэж, ирээдүй өөд тэмүүлсэн зенитчдийн маань хичээл зүтгэлийн үр дүн байдгийг дурдах ёстой. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах ариун жагсаалд орж, алтан шаргал нар, мөнх хөх тэнгэрийг сахин хамгаалах ашдын хүндтэй үүргийг хүлээсэн эрхэм зенитчдэдээ албанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эх орны тэнгэр цэлмэг, эрхэм зенитчдийн сум нь мэргэн байг” хэмээгээд ахмад зенитчдээ “Олон улсын ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.


