• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙН ҮЕЭР "СЭЛЭНГЭ" ХАМТАРСАН СУРГУУЛЬ БОЛНО
Нийтэлсэн: 2024-04-18 14:56:00
Үзсэн: 154

ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙН ҮЕЭР "СЭЛЭНГЭ" ХАМТАРСАН СУРГУУЛЬ БОЛНО
Нийтэлсэн: 2024-04-18 14:56:00 Үзсэн: 154



    Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Засгийн газрын тогтоолын дагуу ирэх наймдугаар сард уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг ойн “Бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах хороо”-ны даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр томилогдон ажиллаж байна.

    Тэрээр энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа ойн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийж, зохион байгуулалт, гадаад арга хэмжээ, соёл урлаг, цэргийн ёслол хүндэтгэл, хээрийн сургууль, хөшөө дурсгалын засвар үйлчилгээ, тохижилт хариуцсан дэд ажлын хэсгүүд байгуулсныг дурджээ.

     Тэр дундаа Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг тус ойтой уялдуулан Дорнод аймагт зохион байгуулахаар болсныг онцолсон байна. Мөн эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан цэрэг эрс, ахмад үеийнхний маань байгуулсан гавьяа үеийн үед мөнхөд дурсагдаж байх учиртай. Тиймээс энэ тэмдэглэлт ойг угтан түүхэн ялалтын үнэ цэн, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг судлах, сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залгамж хойч үедээ өвлүүлэх, монгол-орос цэрэг эрсийн байгуулсан гавьяаг мөнхжүүлэх, хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна гэжээ. Мөн тэрээр ярилцлагынхаа төгсгөлд манай улс Халхын голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ байлдаанд биечлэн оролцож, эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид маань цагийн эрхээр цөөрч байна.

     Өдгөө сэрүүн тунгалаг байгаа ганцхан ахмад дайчин бий нь 100 насыг зооглож буй Ц.Чимэдцэрэн гуай юм. Тухайн үед арван тавхан настай байсан сурагч охин өөрийнхөө хүсэлтээр дайнд оролцон Баянтүмэн дэх цэргийн эмнэлэгт Зөвлөлтийн эмч, мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн сувилагчаар ажиллаж, шархадсан олон зуун цэрэг эрсэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, түүхэн ялалтад хувь нэмрээ оруулсан төдийгүй дайны дараа ч тус эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажиллаж, 1945 оны Чөлөөлөх дайнд ч бас ханийнхаа хамтаар оролцсон юм билээ.

    Тэгэхээр түүхэн ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалыг хадгалан улам баяжуулж, ирээдүй хойч болсон хүүхэд залууст эх орныхоо үнэ цэнийг илүү мэдрүүлэх, цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, өвөг дээдэс, ахмад үе, Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа, баатарлаг үйлсийг үеийн үед мөнхжүүлэх нь өнөөгийн бидний хариуцлагатай үүрэг гэжээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120