
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас хамгийн анх удаа Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийнхан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалыг орон нутагт шилжин байрласнаас хойших цэргийн захиргааны удирдлагыг хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцаж, командлалын архив, хүний нөөц болон нууц баримт бичгүүдийн хадгалалт, хамгаалалт, сургалт, хурал, интернет, бялдаржуулахын танхимууд болон алдарын тасалгаа, номын сан, зочдыг хүлээн авах хүндэтгэлийн өргөөг үзэж сонирхов. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудтай онлайнаар шууд холбогдож, сургалт, дадлага явуулж байгаатай ч танилцлаа.

Тус ангийн захирагч, хурандаа Ч.Эрдэнэболд “2020-2021 оны сургуулийн жилийн төлөвлөгөөний дагуу ангийнхаа офицер, удирдах албан тушаалын ахлагч нарыг хамруулсан заах арга зүйн сургалтыг гурван өдрийн туршид зохион байгуулж байна. Сургалтын төгсгөлийн өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байртай танилцаж, алба хаагчдынх нь ажиллах орчин нөхцөлийг нь үзэж сонирхлоо. Хуурай замын цэргийн командлал бие даан гарснаас хойш тохижилтын ажлыг чамгүй их өрнүүлснийг хараад бахархаж байна. БХЯ, ЗХЖШ-аас бүх талаар дэмжиж өгсөн байна. Манай ангийнхний хувьд өнгөрсөн зуны туршид ангийнхаа зарим объектыг шинэчилж сайжруулахаар тохижилтын ажил өрнүүлсэн. Өөрдсөө хөлсөө урсгаж, бүтээн байгуулж байгаагийн хувиар төрийн цэргийн байгууллагуудаас хамгийн үлгэр жишээ тохижилттой командлалынхаа байр байдалтай танилцаж, санаа сэдэл ч авч байна, манай залуус” гэв. Мөн энэ үеэр командлалын Холбооны дарга, хурандаа О.Заяат командлалын холбооны зангилгааны шинэчлэлийн талаар тус ангийнханд танилцуулж, санал бодлоо хуваалцаж байсан юм.
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийнхан Хуурай замын цэргийн командлалтай танилцсаны дараа сургалт, бэлтгэлийн хүрээнд 30 км-ын марш үйлдэхээр дараагийн цэгийг зорьсон юм.
