Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Гадаад хэлний сургалтын төвөөс англи, солонгос хэл суралцагч нарынхаа дунд волейбол, ширээний теннис, дартсын тэмцээн зохион байгууллаа. Энэ нь суралцагч нарын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, гар нийлэмжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд англи хэлний бэлтгэл дунд шатны хоёр дамжаа, солонгос хэлний анхан шатны дамжаа гэсэн гурван багийн 30 гаруй офицер, ахлагч хурд хүчээ сорин өрсөлдөв.
Ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн тэмцээний волейболын төрөлд сургагч ахлагч Ч.Батболд багштай, ахлагч Н.Отгонбаатар ахлагчтай англи хэлний бэлтгэл дунд шатны дамжааны баг тамирчид тэргүүлж, дэд байрт Мүүн Жүн Хо багштай, хошууч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай солонгос хэлний дамжааны баг тамирчид шалгарлаа.
Дартсын тэмцээний хосын төрлөөр ахлагч Н.Отгонбаатар, ахлагч Т.Буянзаяа нар аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийн эздээр ахлах дэслэгч Б.Гандашгүй-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Мөнхгэрэл нар тодорлоо.
Ширээний теннисээр эрэгтэйчүүдийн төрөлд ахлах ахлагч Б.Мөнхтулга, эмэгтэйчүүдийн төрөлд ахмад Б.Хонгорзул нар илт давуу оноогоор шалгарч, медалийн тавцанд зогсов. Ийнхүү гурван тэмцээний нийлбэр дүнгээр сургагч ахлагч Ч.Батболд багштай, ахлагч Н.Отгонбаатар ахлагчтай баг тамирчид гурван алтан медальтайгаар хошуучилж, тэргүүлсэн байна.
Баг тамирчдад тус төвийн дарга ахлах дэслэгч Э.Ариунзаяа баяр хүргээд цаг наргүй сургалт хичээлийнхээ хажуугаар тархиа амрааж спортоор хичээллэдэг байхыг бүрэлдэхүүнд захилаа. Тэмцээнийг төрөл бүрээр нь гурван дамжаа хариуцан зохион байгуулсан байна.