• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОН НУТАГТ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА МАНЛАЙЛАГЧ НЬ БАЙДАГ ГЭВ
Нийтэлсэн: 2024-04-19 15:50:47
Үзсэн: 279

ОРОН НУТАГТ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА МАНЛАЙЛАГЧ НЬ БАЙДАГ ГЭВ
Нийтэлсэн: 2024-04-19 15:50:47 Үзсэн: 279



   21 аймгийн төвийн сумдын ИТХ-ын дарга болон түүний ажлын албаныхны сургалт Төв аймгийн Зуунмод суманд “Нутгийн өөрийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын зорилго” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

   Сургалтын явцад тэдгээр албаны хүмүүсийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай танилцуулах хүсэлтийг аймгийн удирдлагууд ирүүлсэн бөгөөд энэ нь төрийн байгууллагууд орон нутагт шилжин байрлаж буйг нь үлгэрлэж харуулах зорилготой ажээ.

   21 аймгийн төвийн сумдын ИТХ-ын дарга, ажлын албаны гишүүдэд тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр Хуурай замын цэргийн танилцуулга мэдээллийг хүргэж, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн орчин, ар тал хангалт, албаа хаангаа сурч хөгжих боломжийнх нь талаар голчлон ярилаа. Энэ үеэр зарим аймгийн сумдын ИТХ-ын дарга нарын сэтгэгдлээс хуваалцлаа.

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал:

    -Төв аймгийн ЗДТГ, ИТХ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Бид нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудад тулгамдаж буй нийтлэг асуудал, хууль эрх зүйн зарим зохицуулалтад саналаа нэгтгэх зорилготой. Энэ явцад Хуурай замын цэргийн командлалыг танилцуулж буйгаараа онцлог. Танилцуулах болсон нь төрийн байгууллагууд орон нутагт шилжин байрласнаар тухайн аймаг, сумандаа ямар үр дүнтэй байдаг талаар нэгдсэн ойлголт өгч байгаа хэрэг. ХЗЦК нь манай суманд шилжин байрласнаас хойш цөөнгүй ажлын байр нэмэгдэж, төрийн бусад байгууллагаа харилцаа хандлага, ажил хэрэгч чанар гээд бүх зүйлээрээ удирдан манлайлж эхэлсэн. Үүнийг нь харуулж, орон нутагт ажилтандаа хандсан тохитой тухтай орчин бүрдүүлэх боломж байдгийг нь үзүүллээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа:

    -800 гаруй км замыг туулаад ХЗЦК дээр ирлээ. Цэргийн байгууллагууд нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгааг өөрийн биеэр харахад сайхан байна. Ялангуяа алба хаагчдынхаа сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх бүх боломжийг нь нэг дор бүрдүүлсэн нь үнэхээр таалагдлаа. ИТХ-ын дарга нар орон нутагтаа батлан хамгаалах чиглэлээр үүрэг хүлээж ажилладгийн хувьд цэргийн албаны хөгжил, шинэчлэл, сургалт бэлтгэлийн тогтолцооны талаар нэгдсэн ойлголт авсан нь ч мөн сайн хэрэг боллоо.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ-ын дарга П.Золжаргал:

     -Манай аймагт Засгийн газрын тогтоолоор Зэвсэгт хүчний 341 дүгээр анги үйл ажиллагаагаа явуулаад цөөнгүй жил өнгөрч байна. Үнэхээр цэргийн байгууллагыг дагаад эмх цэгц, дэг журам, сахилга бат оршдог юм байна. Хамгийн гол нь тус анги байгуулагдсан цагаасаа хойш орон нутагтаа маш олон бүтээн байгуулалт өрнүүлж, аймгийн өнгө төрхийг тодорхойлж байгааг нь Зэвсэгт хүчний удирдлагуудад нь уламжлах нь зүйтэй байх. 2023 онд Хантайшир аймгийн түүхт 100 жилийн өмнө сайхан сайхан бүтээн байгуулалт хийж, нутгийн иргэдийн талархлыг хүртсэн хамт олон Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийнхан. Манай аймагт бүтээн байгуулалтын ангийг байрлуулсан нь хамгийн оновчтой шийдвэр байсан шүү.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын дарга Ц.Доньддорж:

    -Аймгаасаа тавуулаа ирлээ. Би өөрөө 1992 онд ОХУ-ын Москва хотод цэргийн сургуульд суралцаж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 256 дугаар ангид галын даргаар эхлүүлсэн хүн. Ахмад цол хүртлээ алба хааж, үргэлжлүүлэн орон нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байна. Бэлтгэл офицерын хувьд Зэвсэгт хүчний 256 дугаар ангиа бүх талаар дэмжиж ажилладаг. Тэд ч хээрийн сургууль, тэмдэглэлт баярын өдрөөрөө урьж, цэргийн талаарх сайхан яриа өрнүүлдэгт нь баярладаг даа. Зуунмод суманд зохион байгуулагдаж байгаа сургалтын хамгийн сайхан үе нь цэргийн байгууллагадаа зочлох байлаа гэсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120