• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“СЭЛЭНГЭ-2020” ХЭЭРИЙН СОНИНЫ ҮҮЦИЙГ ЗАДЛАХАД ...
Нийтэлсэн: 2020-10-15 15:23:01
Үзсэн: 431

“СЭЛЭНГЭ-2020” ХЭЭРИЙН СОНИНЫ ҮҮЦИЙГ ЗАДЛАХАД ...
Нийтэлсэн: 2020-10-15 15:23:01 Үзсэн: 431



Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн “Сэлэнгэ-2020” хээрийн сонины үүцийг хамтдаа задалъя. Хамтарсан сургууль эхэлсэн 2008 оноос хойш Монгол, Орос дайчдын гар дээр хээрийн байрлалаас тасралтгүй хүрч байгаа энэ сонин сургуулийн ач холбогдол, үр дүн болоод хоёр орны цэрэг дайчдыг сурталчлан таниулдгаараа онцлог юм. Энэ удаагийн дугаарт бид хүлээсэн үүргээ мадаггүй сайн биелүүлэхээр ургах нартай хамт уралдан, цасан шуургыг үл ажран цэрэг хүний ур чадвар, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласан зарим нөхдөө онцолсон юм.

ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААГЧИД МЭРГЭН БУУДАВ

Энэ удаагийн сургууль офицер, ахлагч, ажилтан албан хаагчдаас гадна цэргийн гэрээт алба хаагчид оролцсоноороо онцлог болов. Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын цэргийн гэрээт алба хаагчид байлдааны буудлагатай сургуульд анх удаа оролцсон гэхэд буудлага нь мэргэн, гүйцэтгэлт нь өндөр байсныг удирдлагууд нь бахархан ярьж байлаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Б.Эрдэнэгүнд, Ц.Лхагва, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар сургуульд оролцож буйдаа бахархаж, ихээхэн дадлага,туршлага хуримтлуулснаа дуу нэгтэйгээр хариулна лээ. Байлдагч Б.Эрдэнэгүнд “Би цэргийн албыг “Гэрээт цэрэг-гэрэлтэй алба” гэж хэлэх дуртай. Өнөөдөр цэргийн гэрээт алба хаагч гэдэг яг л байнгын бүрэлдэхүүн шиг болсон. Өглөөдөө цуглаж, оройдоо харина. Ээлжийн амралт эдэлж, цалингийн шатлал ч нэмэгдсэн. Энхийг дэмжих ажиллагаа болон бусад сургалт дадлагад оролцох боломж нь нээлттэй. Нээлттэй байдаг учир өнөөдөр бид ангиасаа 14-үүлээ энэ сургуулийг зорьж ирсэн” гэв. Түүний онжав байлдагч Ц.Лхагва Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид 2012-2013 онд хугацаат цэргийн алба хаасан залуу ажээ. Байлдагч “Сэлэнгэ” хэмээх тактикийн хээрийн сургуулийн талаар сонсож байсан, гэхдээ өөрийгөө ингэж оролцогч болно гэж төсөөлж байсангүй хэмээсэн бол байлдагч Б.Баттөмөр “Сэлэнгэ”-д ирээд артиллерийн буудлага хийж үзэхэд үнэхээр их таалагдлаа. Артиллерийн мэргэжлээр офицер болох хүсэл мөрөөдлөө улам батжууллаа гэж байв. Тэр бас аав Т.Батчулуун, ээж Ц.Батжаргал нар хүүгээ буудлага хийснийг сонсоод бахархах байхдаа хэмээн өгүүллээ. Тэдний адил Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн гэрээт алба хаагчид цөмөөрөө сэтгэгдэл өндөр байснаа илэрхийлж, дараа жилийн сургуульд заавал оролцоно гэж байсан юм.

АМТТАЙ ХООЛЫН ЭЗЭД

“Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн арын албанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн материал хангалтын офицер, ахмад Г.Эрдэнэсүхээр ахлуулсан Ар талын бүлгийнхэн тун ч завгүй ажиллав. Арын дарга, ахмад залуу өглөө, оройгүй бараа бүтээгдэхүүнээ татан авч, тарааж, хуваарилаад л. Бүсгүйчүүд нь хоолоо бэлтгэн хийж, угаалга, цэвэрлэгээгээ хийгээд л. Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлагч тогооч, ахлах ахлагч Ж.Дондогмаагаар ахлуулсан тогооч, бэлтгэгч бүсгүйчүүд гэхэд өдөрт дөрвөн удаагийн халуун хоол бэлтгэн, бие бүрэлдэхүүнд үйлчилж, хариуд нь “Баярлалаа” гэдэг үгийг ч харамгүй сонсов. Ахлах ахлагч Ж.Дондогмаа нь Зэвсэгт хүчинд 21 дэх жилдээ алба хааж байгаа бөгөөд “Сэлэнгэ” хээрийн сургуульд дөрөв дэх жилдээ, “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих сургуульд тав дахь жилдээ оролцсон хээрийн дадлага, сургуулиар туршлагажсан тогооч ажээ. Тэрээр хамт олноо анги, ангиас цугласан тогооч, бэлтгэгч нар ч гэсэн нэг сэтгэл, нэг зорилготой гар нийлэмжтэй сайхан хамт олон хэмээн магтчихаад алба хаагчдынхаа өдрийн хоолыг бэлтгэхээр ажилдаа гарав. Бэлтгэгч бүсгүйчүүдийн гэрээр орлоо. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн нярав-талхчин С.Сарантуяа шуудай гурилыг том саванд хийгээд зуурч байна. Өдрийн зоог дээр нэгдүгээр хоолыг гамбиртай хамт өгөх гэнэ. Өдөр бүр л амттай талх эсвэл гамбир ирээд байдаг юм, цаад эзэн нь энэ бүсгүй байж. С.Сарантуяа талх, гамбираа хийхээр өглөө бүр шуудай гурил зуурч, хайрч, жигнэж, өдрийн зоог гэхэд  бэлэн болгодог байна. Цэргийн алба хаагч бидний ширээн дээр бэлэн болоход дор хаяж 4-5 цаг зарцуулагддаг талаар тэр бас нэмж хэлэв. Амттай талхны эзэн энэ бүсгүй Зэвсэгт хүчинд алба хаагаад 26 жил болж байгаа юм байна.

ХЭЭР ТАЛЫГ “ГЭРЭЛТҮҮЛЭГЧ”

Тал хээрт цэргийн гэлтгүй ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад тог цахилгаан гэдэг нэн тэргүүний хэрэгцээ. Энэ хэрэгцээг “Сэлэнгэ”-д ханган биелүүлсэн хүн бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цахилгаанчин, ахлагч З.Батхүү юм. З.Батхүү сургуулийн райондоо бол хамгийн эрэлттэй хүн гэхэд болно. Тог тасарвал хүн бүр л түүнийг эрж хайна. Гэхдээ нэг удаа л даа. Тэр нь 10 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагт. Шалтгаан нь цахилгаанчин маань сургууль эхэлснээс хойш тасралтгүй тогоо залгасан учир нэг цаг амраахаар түр унтраасан байсан нь тэр. Тэр ажилдаа маш хичээл чармайлттай гэдэг нь хэнд ч илхэн. “Танай майхан, танай гэр цахилгаан хэр байна, ах нь нэмэх үү” гээд л. Үргэлж эерэг хандлагатай, инээмсэглэл дүүрэн тэрээр Зэвсэгт хүчинд алба хаагаад 13 дахь жилдээ болж байгаа бөгөөд ангийнхаа инженерүүдтэй хамт Дорноговь аймагт нефтийн үйлдвэрийн авто замыг барьсан гэдгээрээ бахархдаг ажээ. Түүний үнэнч “анд” гол хэрэгсэл нь “Станц-10”, “Станц-75” гэдэг цахилгаан түгээгч моторууд байсан юм.  Түүний албаныхаа төлөөх идэвх, хичээл зүтгэлийг үнэлж, сургуулийн хаалтын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр шагнагдсныг нь Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хамт олных нь өмнө гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

 “СЭЛЭНГЭ”-ИЙНХЭН БЯЦХАН ОХИДООР БҮЛ НЭМЭВ

“Сэлэнгэ”-ийнхэн энэ жил бяцхан охидоор бүл нэмж, одонт ээжтэй бас болов. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ажиллагааны ахлах офицер, ахмад Н.Энхбазарын хань Д.Мөнхжаргал 10 дугаар сарын 6-ны өдөр амаржиж, бяцхан охин төрүүлсэн бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дайчилгааны офицер, ахлах дэслэгч Г.Отгонбатын хань Ч.Гантуяа 10 дугаар сарын 7-ны өдөр амаржиж, алаг нүдэн охин төрүүлсэн баярт мэдээ ар араасаа залгуулаад сургуулийн хээрийн байрлалд ирлээ. Манай бэрүүд ханьдаа “Бидэнд битгий санаа зовоорой. Сургуульдаа л анхаарлаа хандуулаарай. Сургуулиа дуусгаад ирэхэд нь бяцхан үрээ тэврээд угтая” хэмээн хэлүүлсэн нь аргагүй л цэргийн хүний хань гэлтэй. Дөнгөж мэндэлсэн бяцхан охидод нэг адилхан тал байгаа нь хоёулаа дээрээ нэг эгч, нэг ахтай байна.  Энэхүү баярт мэдээг сонссон хамт олон, найз нөхөд нь бяцхан охиддоо “Сэлэнгэ” хэмээн нэр хайрлахыг ахмад Н.Энхбазар, ахлах дэслэгч Г.Отгонбат нарт санал болгож байлаа. Түүнээс гадна сургуульд оролцсон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн станцын дарга, ахлах ахлагч Н.Жавзандулам Эхийн алдарт одон авах тухай мэдээ бас дуулдсан ба  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт ажиллахдаа алаг үрсийн ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж өгсөн.

БАЙЛДАГЧААС АХЛАГЧИЙН ЭГНЭЭНД ШИЛЖСЭН Э.НАРМАНДАХ

Сурвалжлагч бидэнд хамгийн сайхан санагддаг зүйл бол ярилцлагчаа өөрөөр нь яриулахаас илүүтэй найз нөхөд, хамт олон нь тодорхойлж, дүгнэх, магтах нь байдаг. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагч, ахлагч Э.Нармандахыг ангийнх нь журмын нөхөд нь яг л тэгж ярьж, тодорхойллоо. Нэг нь “Манай Нараа байлдагчаас цэргийн гэрээт алба хаагч, цэргийн гэрээт алба хаагчаас ахлагчийн эгнээнд шилжсэн” гэхэд нөгөөх нь “Өнөөдрийн буудлагад хамгийн мэргэн нь байсан. Биднээс ч илүү мэргэн” гэж магтав. Залгуулаад мөн л тус ангийн ахмад Ц.Ганбаяр “Цэргийн гэрээт алба хаагч байхдаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, манай шилдэг ахлагч нарын нэг. Ийм л эгэл даруухан ахлагч нарыг та бүхэн онцолж байх ёстой шүү” гэж тодотголоо. Ахлагч Э.Нармандах Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хаалгаар байлдагч болон ирснээс хойш огтоосоо ч холдоогүй нэгэн. Найз нөхөд, хамт олон нь тодорхойлсон шиг байлдагчаас ахлагчийн алба хүртлээ ес дэх жилдээ Зэвсэгт хүчинд алба хааж байгаа залуу. Артиллерийн хороонд алба хаадгаараа бахархдаг, хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” сургуульд 2013, 2014, 2020 гээд гурав дахь жилдээ оролцож байгаа ажээ. Хамт олонтойгоо хээр гарахдаа дуртай, буудлага хийхдээ бүр дуртай гэнэ. Тэрээр аав, ээж, хань, хүүхдүүддээ хайртай шүү гэдгээ хээрийн сониноор дамжуулан хүргэж байсан юм.

            “СЭЛЭНГЭ” БОЛ ЦЭРГИЙН ХҮНИЙ ЗААВАЛ ОРОЛЦОХ ЁСТОЙ СУРГУУЛЬ

 “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургуульд тогтмол оролцдог цөөнгүй алба хаагч байсны нэг нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн цагдаагийн тасгийн дарга, ахлах ахлагч Э.Булган-Эрдэнэ. Зэвсэгт хүчинд алба хаагаад 8 дахь жил болж байгаа түүний хувьд 5 жил буюу 2012-2013, 2018-2020 онуудад оролцсон туршлагатай байна. Ингэхдээ жил бүр өөр өөр ажил мэргэжлээр үүрэг гүйцэтгэж, туршлага сургамжаа зузаатгаж иржээ. Тэрээр “Сэлэнгэ” бол мөрдэс зүүсэн цэргийн хүн бүрийн оролцож үзэх ёстой сургууль. Цэргийн хүний үндсэн үүрэг нь эх орноо хамгаалах бөгөөд үүнийг л сургаж, дадлагажуулдгаараа хамгийн чухал гэж ойлгодог. Боломж гарвал дараа, дараагийн жилүүдэд ч гэсэн оролцсоор байх болно” гэлээ. Тэгвэл анх удаа оролцож байгаа залуухан боловсон хүчин ч нэлээдгүй байв. Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн авто техникийн салааны захирагч, дэслэгч Б.Лхагвасамбуу гэхэд 2019 онд ҮБХИС-ийг Цэргийн автын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн байна. Дэслэгч Б.Лхагвасамбуу “Энэ сургуульд оролцсоноороо их зүйл сурч мэдлээ. Ялангуяа, багаар ажиллах чадвар, цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүллээ” гэсэн юм.

ХОЛБООЧИН БҮСГҮЙЧҮҮД НАР ШИНГЭХТЭЙ УРАЛДАВ

Артиллерийн буудлагын зураг авахаар сургуулийн районоос гараад явж байв. Тэгсэн эзэнгүй хээр талд хоёр бүсгүй холбооны болов уу утсыг дагаад алхаж явна. Заримдаа өнөөх утсаа задлан үзэж, харилцуураар шалгаад л. “Амрыг эрье, холбоонд гэмтэл гараа юу” хэмээхэд “Амрыг эрье. Үгүй ээ, маргааш нэгдсэн буудлагатай. Тэрнээс өмнө холбооны бүрэн бүтэн байдлыг нь дахин нягталж байна. Сая холбооныхоо утсыг дагаад 10 км алхсан, одоо дахиад 10 гаруй км явж холбоогоо шалгана даа” гэж байна. Холбоочин гэдэг бүх төрөл мэргэжлийн гол зангилаа гэдэг энэ байх. Холбоочин бүсгүйчүүдийг ахлах ахлагч Баярмаа, Э.Цацралтуяа гэдэг байна. Тэд сурвалжлагчид “байцаагдаад” суух завгүй бөгөөд “Бид явахгүй бол оройтох нь ээ” хэмээн инээмсэглээд нар шингэхээс урьдан утсаа үргэлжлүүлэн шалгахаар цааш алхлаа.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108