Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор, профессор, гавьяатууд, залуу эрдэмтэн судлаач нар 4 дүгээр сарын 23-ны энэ өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, бие бүрэлдэхүүнд сонирхолтой илтгэл, мэдээллийг хүргэлээ. Командлалын бие бүрэлдэхүүн болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд танхимаар, орон нутаг дахь ангиуд цахимаар бүрэн хамрагдаж, цэргийн эрдэмтэн судлаачдын үнэтэй санал зөвлөмж, судалгаа шинжилгээ, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний чиг хандлага, удирдлага манлайллын тухай илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал эрдэм номыг нь сонсож өдий зэрэгт хүрсэн цэргийн эрдэмтэн багш нартайгаа уулзсандаа баяртай буйгаа онцолж, амьдралынхаа үнэтэй цаг хугацааг цэргийн эрдэм судлалд зориулсан судлаачдынхаа бүтээл юутай нь алба хаагч бүр танилцаж, сонсож, практикт хэрэгжүүлэхийг захиж байсан юм.
Тус хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), хурандаа Д.Содномцог “Батлан хамгаалахын сайдаас өгсөн чиглэлийн дагуу хүрээлэнгийн 45 жилийн ойн хүрээнд ЗХЖШ, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, Удирдах газрын бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Хуурай замын цэргийн командлал нь бидний дөрөв дэх байгууллага” гээд цэргийн эрдэм судлаачдын бүтээлүүдийг эгнүүлэн дэлгэснээ танилцууллаа. Тэрээр онол бол практикийн удирдамж гэж тодорхойлоод сайн офицер, ахлагч гэдэг эр зориг, эрдэм мэдлэг, ёс суртахуунаар хэмжигдэх болсныг ч нэмж тодотгов.
Хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгөөр шинжлэх ухааны гурван гавьяат хүрэлцэн ирсэн нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Ш.Паламдорж, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хошууч генерал О.Үржин, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Х.Шагдар нар байв.
Мөн тус хүрээлэнгийн ахмад судлаач, социологийн шинжлэх ухааны доктор (Ph.D), чөлөөнд байгаа хурандаа Ч.Эрдэнэчулуун тэргүүтэй бусад ахмад болон залуу судлаачид Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүллээ.
Ш.Паламдорж гавьяат дэлхийн ертөнцөд таталцлын хүч, хоосон чанар, энергийн хүч, сул хүчээр дүүрэн байдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан хүргэж, төгсгөлд нь “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг үг өнөө цагт “Саруул ухаанд эрүүл бие оршино” гэсэн ухагдахуунаар ойлгогдох болсныг дурдлаа. Энэ нь эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжилтэй хүн амьдралын зөв хэвшлийг баримталж, өвчлөлөөс сэргийлэх арга замаа мэддэг зэрэг олон давуу талтай гэв.
Үүний дараа О.Үржин генерал “Орчин үе-эх оронч үзэл” илтгэлдээ өнөөдрийн нийгэм цаг үед "Дайн бол нэг төрлийн бизнес" гэж дэлхийн нийтээр тодорхойлж байгааг эшлэл болгон өгүүллээ. Дайн гэдэг зөвхөн буу бариад явдаг цэргийн ажиллагаа биш. Эдийн засаг, соёл уламжлал, сөргөлдөөн гээд олон хэлбэрээр явагдаж байгааг онцолж, олон улсын судлаачдын гаргасан бүтээлд өгүүлсэнчлэн дайны 75 хувь нь цэргийн бус хэрэгслээр, 25 хувь нь цэргийн хэрэгслээр явагддаг тухай ярив. Мөн тэрээр аюулгүй байдал гэдэг дэлхий нийт, олон улс буюу бүс нутаг, үндэсний дотоод гэсэн түвшинтэй байдгийг ч оролцогчдод онцлов.
Мөн энэ өдөр саяхан хүртсэн гавьяатын тэмдгээрээ дүрэмт хувцсаа чимсэн доктор Х.Шагдар гуай Халхын голын байлдааны ялалт, түүний нэр томьёо, он цагийн хэлхээсийн тухай мэргэжлийн тайлбаруудыг хүргэсэн бол доктор Ч.Эрдэнэчулуун социологичийн хувиар цэргийн удирдлага, манлайллын талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Өдөрлөгийн төгсгөлд хагас өдөржин номын дуу сонссон бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс Хуурай замын цэргийн командлагч, доктор (Ph.D), бригадын генерал Ч.Цогтжаргал цэргийн эрдэмтэн судлаачдад талархал дэвшүүлж, цаашдаа алба хаагчдынхаа дотоод сургалтыг хүрээлэнгийн судлаачдын оюуны их мэдлэгт түшиглэн зохион байгуулж байх хүсэлтэйгээ уламжиллаа.
Ахмад Д.БОЛОРМАА