Энэ удаа та бүхэндээ цэрэгжлийн спортод голлох байр суурь эзэлдэг “Марш-тусгай бэлтгэл” цогцолбор тэмцээний түүхий хуудсыг эргүүлж байна. Энэхүү тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэсвэр хатуужил олгох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн ачаалал даах чадвар, олгодог онцгой ач холбогдолтой юм.
Монгол хэлний их тайлбар толь бичигт “Марш” гэдгийг цэргийн аялал, “Тактик” гэдгийг дайн тулааны бодлого, байлдааныг удирдах, байлдаан хийх арга ухаан гэж тайлбарласан байдаг билээ.
Марш тактикийн тэмцээнийг нэгтгэл, анги, байгууллагын сургалт бэлтгэлийн түвшин тогтоох, цэрэг дайчдын бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг үнэлж, цаашид хөгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж ирсэн түүхтэй.
1970 онд Монголын Ардын Армийн Байлдааны бэлтгэлийн газраас байлдааны бэлтгэлийн нормативын үндсэн төрлүүд болох гүйлт, буудлага, гранатын дасгалуудыг багтаасан тэмцээний зааврыг цэрэгжлийн спортын түвшинд боловсруулж, “Марш тактикийн армийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн гэдэг.
1980 оноос байлдааны бэлтгэл, тусгай үүрэг гүйцэтгэх нормативуудыг нэмж, 10 км-ын гүйлтийн явцад тактикийн бэлтгэлээр салаа тасгаараа явах үед хийгдэх элементүүд, холбооны бэлтгэл, байгалийн саадууд, ар тал, байр зүй, химийн нормативууд гэх зэрэг 10-12 нормативын элементүүдийг цогцолбор хэлбэрээр оруулж марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн болгон өөрчилсөн байна. 1991 онд жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, нормативын бэлтгэлийг байран дээр гүйцэтгэх ажиллагаа болгон тэмцээний зааварт нэмэлтээр оруулж марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн хэлбэрээр шинэчлэгдэн өнөөг хүртэл амжилттай зохион байгуулагдан явагдаж байна.
Анх марш тактикийн тэмцээнийг тухайн анги, нэгтгэл, гарнизоны байрлалд шалгалтын бүрэлдэхүүн, тухайн газар оронд нь зохион байгуулан дүгнэдэг байж. Нэгтгэл, анги, байгууллагуудын байрлал, газар орны байдал, цаг агаарын нөхцөл харилцан адилгүй байсантай холбоотойгоор 1991 оноос эхлэн нэгдсэн журмаар явуулдаг болжээ. Энэхүү анхны тэмцээнд Ховдын хороо түрүүлж байлаа.
Шинэчлэгдсэн дүрмээр “Марш тактик” гэснийг “Марш-тусгай бэлтгэл” гэж нэрлэх болон бөгөөд энэ тэмцээнтэй ижил нөхцөлд явагддаг цэрэгжлийн спортын нэг төрөл нь 1990 оноос зохион байгуулагдаж эхэлсэн шилдэг салаа, рот, батальоны захирагч, офицер, ахлагчийг шалгаруулдаг оны мэргэжлийн аварга буюу одоогийн цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан юм. Оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан салаа, рот, батальоны дарга нараас ирээдүйн сайн удирдагч, дарга нар төрөн гардаг нь тухайн тэмцээний ач холбогдол ямар вэ гэдгийг илтгэнэ.
Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнүүд нь бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн бэлтгэлийн дээшлүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл олгож, эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгахаас гадна бие хүнийг төлөвшил, мэдлэг, ур чадварыг сорьж, тактикийн болон удирдах арга барилд сургаж, ирээдүйн мэргэшсэн сайн цэргийн дарга нарыг бэлтгэдэг амьдралын нэгэн сургууль болоод байна.
Цэрэгжлийн спортын тэмцээнд оролцож байсан цэрэг, дайчид ямар ч цаг үед эх орныхоо дуудсан цагт бэлэн байх, үүрэг гүйцэтгэх итгэлтэй, бие бялдрын хувьд чадвартай, сэтгэл зүйн хувьд тогтвортой, тэмцэх чадвартай бэлтгэл хүчин, иргэн болж төлөвшдөг. Тийм учир Монгол Улсын цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэж, дэлхийн цэрэг болон хүндлэгдэж байгаа нь энэхүү цэрэгжлийн спортын уралдаан, тэмцээнүүд тогтмол чанартай зохион байгуулагдаж ирсний нэг ач тус билээ.