80 жилийн түүхтэй Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт “Инженер сапёрын тусгай хороо” буюу Зэвсэгт хүчний 014 дүгээр анги нь Зэвсэгт хүчний Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд жил бүр хүчтэй өрсөлдөгчийн нэг байж, энэ төрөлдөө гаргасан амжилт ч хязгааргүй их. Ялангуяа цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа нь Зэвсэгт хүчиндээ “Адуу шиг гүйдэг сапёрчид” хэмээн үнэлэгдэж байсан хамт олон билээ.
Тэдний зарим амжилтаас дурдвал Зэвсэгт хүчний Марш тактикийн тэмцээнд 1999 онд дэд байр, 2008 онд мөн дэд байр хүртэж, 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон цагдаагийн албаны бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдсан марш тактикийн тэмцээнд дэслэгч Н.Мөнхбаяр салааны захирагчтай салааны хамт олон мөнгөн медалиар шагнагдсан нь инженерийн цэргийнхний бахархаж явдаг бас нэгэн амжилтын нэг.
Тэр жилдээ Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын Марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээнд 1.42.31 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль, 300.000 төгрөгөөр шагнагдаж байв.
Зэвсэгт хүчний 2010 оны Марш тактикийн аварга шалгаруулах хугацаат цэргийн салааны төрөлд дэслэгч Б.Батмөнх захирагчтай салааныхан 1.21.28 цагийн амжилтаар нэгдүгээр байрт шалгарч шилжин явах цом, цэргийн спортын аварга алтан медаль, 700.000 төгрөгөөр шагнагдаж байжээ.
Зэвсэгт хүчний 2012 оны Марш тактикийн аварга шалгаруулах хугацаат цэргийн салааны төрөлд хурандаа Г.Батсүрэн захирагчтай салаа 1.43.08 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.
Зэвсэгт хүчний 2013 оны Марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээний жагсаалын үзүүлэх тоглолтод дэслэгч Э.Ууганбаяр захирагчтай салаа нэгдүгээр байр эзэлж Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит өргөмжлөлийн эзэн болсон түүхтэй.
Зэвсэгт хүчний 2015 оны Марш тактикийн аварга хугацаат цэргийн алба хаагчдын салаа шалгаруулах тэмцээнд 1.37.51 цагийн амжилтаар хурандаа Г.Батсүрэн захирагчтай салаа хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан ба тус жилдээ гэрээт цэргийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд 49.37 минутын амжилтаар нэгдүгээр байр эзэлж шилжин явах цом өргөж, цэрэгжилтийн спортын аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулж байсан нь саяхан.
Бас тэгээд Зэвсэгт хүчин, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд хурандаа Г.Батсүрэн захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салаа хоёрдугаар байр эзэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналын эзэд болж, мөнгөн медаль хүртсэн нь түүхэнд бичигдэн үлджээ.
Зэвсэгт хүчний 2017 оны Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний цэргийн гэрээт алба хаагчдын тасгийн төрөлд хурандаа С.Содов захирагчтай дайчид хоёрдугаар байр эзэлсэн бахархам түүхийн эзэд билээ.
Өдгөө хурандаа Г.Эрдэнэбаатар захирагчтай инженерийн цэргийнхэн Зэвсэгт хүчний Марш-тактик тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр Зэвсэгт хүчний Хужирбулан дахь сургалтын төвд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тус ангийн офицер, ахлагч нар оны аварга офицер, ахлагч, цэрэгжлийн буудлага, саадын зурвас, цэрэгжлийн 3 төрөлтөд хүч сорих бол хугацаат албаны түрүүч байлдагч нар салааны төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ чамбайруулсаар байна.
Хошууч Э.ХАШЦАХИУР