Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 22-ны өдрөөс өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 014, 186, 256, 327, 336 дугаар ангийн 100 орчим цэргийн алба хаагч 9 нэгж техниктэйгээр зургаан аймгийн 15 суманд ажиллаж байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан Хэнтий аймгийн Чингис хот, Галшар сум, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан Булган аймгийн Дашинчилэн, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан Архангай аймгийн Цэцэрлэг, Өндөр-Улаан сум, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан Дорнод аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Түвшинширээ, Баяндэлгэр, Асгат сумдад, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Өргөн, Эрдэнэ сумдад ажиллаж, малчдад дэмжлэг үзүүлсээр байна.
Цэргийн алба хаагчид гамшгийн улмаас үүсэн хор хохирлыг арилгах ажлыг найм дахь өдрөө гүйцэтгэж байгаа бөгөөд 04 дүгээр 28-ны өдрийн байдлаар 11 мянга гаруй малын сэг зэмийг устгаад байгаа мэдээллийг ирүүллээ.
Ташрамд эргэн сануулахад, Хуурай замын цэргийнхэн өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн аймаг орон нутгуудад хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ гүйцэтгэж, цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгэсэн билээ.