Цэргийнхний олимп болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Тэмцээнийг угтаж, маршийн төрөлдөө онцгой амжилт үзүүлж яваа анги, хамт олныг танилцуулсаар байна. Бидний энэ удаагийн онцлох хамт олон бол “Талын чоно” гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан. Тус ангийн үе үеийн амжилтуудаас сийрүүлбэл 2002 оны Марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээнд ахмад Ц.Батдорж захирагчтай байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, 2003 оны Марш тактикийн аварга салаа шалгаруулах тэмцээнд ахмад А.Уламбаяр захирагчтай салааныхан алтан медаль хүртэж, аваргын цом өргөж байв.
Эмэгтэй алба хаагчдын тасгийн хувьд ч ялгаагүй хүчтэй өрсөлдөгч байдгийн нотолгоо нь 200, 2001, 2004 онуудад үзүүлсэн амжилт. Зэвсэгт хүчний 2000 оны Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд дэд ахлагч Т.Саранчимэг захирагчтай эмэгтэй тасаг хүрэл медаль, дараа жил буюу 2001 онд нь ахлагч Ч.Гантуяа захирагчтай эмэгтэй тасаг мөнгөн медаль, 2004 онд нь мөн ахлагч Ч.Гантуяа захирагчтай эмэгтэй тасаг мөнгөн медаль хүртсэн нь Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины шарласан хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. Оны аваргын төрөлд 2005 онд дэд ахлагч Р.Батболд хүрэл медаль хүртсэн нь тэдний бас нэгэн бахархлал нь.
“Талын чоно”-ынхны хугацаат цэргийн алба хаагчдын хувьд оролцсон жил бүртээ медаль хүртдэг бичигдээгүй хуультай, хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж чаддаг дайчид. 2002 ондоо ахлагч У.Баттулга захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салаа хүрэл медаль, 2004 ондоо ахлагч У.Баттулга захирагчтай дайчид хүрэл медалиа алтан медаль болгон хувиргаж, аваргын цомыг Таван толгойд цугласан мянга мянган дайчдын манлайд зогсон хүртэж байв.
2010 онд дэслэгч Ц.Пүрэвдорж захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салаа хүрэл медаль, 2017 онд ахлах дэслэгч П.Ганбаяр захирагчтай хугацаат цэргийн алба хаагчдын салаа алтан медаль хүртсэн нь бас л бахархам мэдээ байлаа.
Ахлах дэслэгч П.Ганбаяр захирагчтай салааныхан тэр жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн гээд “Талын чоно”-ынхны амжилт цуварч байна. Тэд энэ жил аваргын алтан медалийнхаа төлөө мөрдэс нэгт нөхөдтэйгөө мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөхөөр Тавантолгой дахь Сургалтын төвдөө хэдийн төвхнөж, ангийнхаа тугийг мандуулж, бэлтгэл сургалтаа чамбайруулсаар яваа дуулдана лээ.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан цэрэгжлийн спортдоо манлайлахаас гадна сонс эргэх төрлөөр генниссийн амжилтыг эвдэгч, Монгол Улсын холын гүйлтийн хамгийн ноён оргил шилдэг тамирчид тэдний дундаас л төрдөг нь үеийн үед спортлог, авьяаслаг, хөдөлмөрч гэдгийг нь бэлхнээ илтгэх билээ.