
Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс төрсөн БНМАУ-ын баатар 10 байдаг билээ. Тэдгээр дайны үеийн баатруудын үр хүүхдүүдийн байгуулсан “Үхэвч үнэн” холбоотой хамтран Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд эрхэм баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээг нээж БНМАУ-ын баатар Д.Данзанваанчигийн хүү МУАЖ, Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа үг хэлсэн үгэндээ “Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд өвлүүлэн авчирсан баатруудыг хэзээ ч мартаж болохгүй. Тэдний баатарлаг гавьяаг үеийн үед санаж явах учиртай” хэмээн онцолсон юм.


Мөн арга хэмжээний хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Цэрэг-эх орон” сэдэвт дууны тэмцээн зохион байгуулахад байлдагч А.Отгонтөгс тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. ЦДБЭЧ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болон Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс энэ сарын 06-ны өдөр “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Хошууч Д.ДОЛГОРЖАВ (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)