Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Г.Барсболд 2024 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дүү нартаа урмын үг илгээж, баяр хүргэжээ. Тэрээр “Цэрэгт мордох гээд зориод ирснээр тань бахархаж байна. Эх орны өмнө хүлээсэн эрхэм үүргээ ухамсарлана гэдэг ямар хүмүүжилтэй, төлөвшилтэй гэдгийг тань илтгэх чухал зарчим. Та бүхний өмнө их ирээдүй хүлээж байгаа, албаа үлгэр жишээ сайн хаахыг захья. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил эзэмших, зан харилцааны чухал чадваруудаас суралцах гээд амьдралын тань үнэ цэнтэй цаг мөч байна гэдэгт итгээрэй. Би намар халагдана. Яг энэ цаг хугацаа албаа мэдэрч, хүнд хэцүү бэрх гэж санагддаг байсан бүхэн харин ч эрч хүч, цог золбоог бэлэглэдэг болсныг өөрөөсөө харж байна” гээд буриад зон олны ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.
Ахлах байлдагч Г.Барсболд нь цэргийн албанд татагдахаас өмнө ОХУ-ын Новосибирск хотын Глинкийн нэрэмжит Консерваторид дуурийн дуулаачийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан, Буриадын Соёлын тэргүүний ажилтан. Энэхүү цолыг 2019 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод олон улсын дууны уралдаанд тэргүүлэн хүртсэн, тэр жилдээ Улаанбаатар театрт “Боргоцой хүү” бие даасан тоглолт, 2021 онд “Боргоцой хүү” цомгийн баяраа хийжээ.