• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

1600 КМ ЗАМ ТУУЛЖ ИРЭЭД МЕДАЛЬТАЙ ХАРЬДАГ ХОВДЫН ХОРООНЫХОН
Нийтэлсэн: 2024-05-28 15:51:21
Үзсэн: 289

1600 КМ ЗАМ ТУУЛЖ ИРЭЭД МЕДАЛЬТАЙ ХАРЬДАГ ХОВДЫН ХОРООНЫХОН
Нийтэлсэн: 2024-05-28 15:51:21 Үзсэн: 289



   Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий шилдгүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэсээр байна. Цэргийн хүний эзэмшсэн байх ёстой олон эрдэм, чанараар уралдсан 2000 цэргийн алба хаагчийг бүгдээрээ ялагч гэдгийг ЗХЖШ-ын дарга хаалтын ёслолын үеэр онцолсон нь тэднийг хайрлахаас, хүндлэхээс аргагүй гэдгийг нь илэрхийлнэ.

   Бидний энэ удаагийн онцлох алба хаагчид бол Зэвсэгт хүчний үе үеийн “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ий медалийн тавцнаас бууж үзээгүй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан. 1500 гаруй километрийн цаанаас жил бүр тэмцээндээ өндөр ач холбогдол өгч, бэлтгэн оролцуулдгийнх нь хувьд талархмаар хамт олон. Хичээл зүтгэлийг амжилт дагаж байдгийн жишгээр тэдний гаргасан амжилт ч чамгүй их.

   Цэрэгжлийн спортын түүхийн хуудсыг сөхөж үзэхэд 1991 онд анхны марш-тактикийн тэмцээнд түрүүлж байсан шигээ энэ жил ч хугацаат цэргийн алба хаагчдын салаагаараа мөнгөн медаль хүртсэн нь бүх цаг үеийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тэд хэвээрээ байгаагийн тод жишээ.

   2002 онд ахлах дэслэгч Б.Энхбаяр захирагчтай байнгын бүрэлдэхүүний салаа мөнгөн медаль, 2012, 2013, 2014 онуудад цэргийн гэрээт алба хаагчид 3 жил дараалан алтан медаль, үүрд шилжин явах цом хүртэж байв. Хугацаат цэргийн алба хаагчдын салаа нь 2012 онд алтан медаль, 2014, 2017 онд хүрэл медаль, 2022 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс нь хүрэл медаль тус тус хүртсэн амжилтаа 2024 онд дахин мөнгөн медалиар бататгаж чадлаа.

    Маршийн замд аль ч төрлөөрөө хамгийн хүчтэй оролцогч болж чаддаг Ховдын хорооныхны энэ жилийн мөнгөн медалийн эздийн тухай мэдээлэл хүргэхэд Увс аймгаас дөрөв, Баян-Өлгий аймгаас тав, Ховд аймгаас татагдсан 12 хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн шилдэг салаа. Дайчдын салаанд биеийн тамир, спортоор олон улс болоод эх орондоо амжилт гаргасан цөөнгүй байлдагч байсны нэг нь Батбаярын Батзаан. Тэрээр цанын спортын дэд мастер ба онжавуудынхаа тухай хуучлахдаа цөмөөрөө орон нутгаас татагдан ирсэн учраас хөл, гарын чадал ихтэй, ачаалал даах чадвартай залуус гэж тодорхойлно лээ.

     Алс холоос зорьж ирээд шагнал өвөртлөөд буцдаг хугацаат цэргийн салааны цаглашгүй амжилттай салшгүй холбоотой хүмүүсийн тухайд ангийн захирагч хурандаа Х.Энхболд, салааны захирагч ахлах дэслэгч Л.Мөнхбат, дасгалжуулагч, цанын спортын мастер, хошууч Б.Өнөрбек нар ажээ. Хошууч Б.Өнөрбекийн хувьд “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 14 дахь жилдээ оролцож байгаа, 4 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн. Цэрэгжлийн спортын “Патруль”-ийн 2010, 2011 оны аварга энэ офицерын тактик нь тамирчдынхаа гүйлт, буудлага, гранат шидэлтэд эхний ээлжид анхаарч, үргэлжлүүлэн бусад төрлөө нөхөөд явсан гэнэ. Тэд ангийн удирдлага, хамт олны дэмжлэг биднийг энэ амжилтад хүргэсэн гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байсан юм.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118