Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 120, 327 дугаар ангийнхан бие бүрэлдэхүүнийхээ гэр бүлд зориулсан “Баясгалант ирээдүй”, “Аз жаргалтай ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулав.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн багш, багачуудыг хүлээн авч, “Баясгалант ирээдүй” урлагийн тоглолтод нь саатлаа. Авьяаслаг багачуудын дуу, бүжиг, шүлэг бүхэн нэгтгэлийн хамт олны сэтгэлийг сэргээсэн бөгөөд зарим хүүхдүүд манай алба хаагчдын үрс байсан нь тоглолтыг улам чимж байсан юм. Дэлхийн хаана ч үзээгүй эерэг дулаан уур амьсгалтай сайхан тоглолт толилуулсан “Ирээдүй” цэцэрлэгийн багш, хүүхдүүд тус нэгтгэлийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Билэгсайхан хамт олноо төлөөлж баярласнаа илэрхийлсэн юм.
Мөн энэ сарын 31-ний өдөр нэгтгэлийнхэн Цэргийн тангараг давтаж, сарын тэргүүнүүдээ шалгаруулан шагнаж, бүрэлдэхүүнийхээ багачуудыг хүлээн авч, аав, ээжийнх нь ажил мэргэжлийг сурталчилж ойлгууллаа. Аав, ээжийнхээ ажлыг зориод ирсэн тэдгээр хүүхдүүдэд нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн ээжүүд, хүүхэд багачууддаа эх үрсийн баярын мэнд хүргэе. Нэгтгэлийн удирдлага эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна” гээд гүйлт, дуу, зургийн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд баяр хүргэлээ. 60 метрийн гүйлтийн тэмцээнд П.Төгөлдөр, Ц.Оргил-Эрдэнэ, Б.Төгөлдөр, дууны тэмцээнд Б.Хүслэн, Г.Аззаяа, зургийн уралдаанд Б.Номин-Эрдэнэ, Б.Буянбат нар шалгарч, найзуудынхаа алга ташилт дунд шагналаа гардан авлаа.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 120, 327 дугаар ангийнхан алба хаагчдынхаа үр хүүхдүүдийг оролцуулсан “Аз жаргалтай ирээдүй” өдөрлөг зохиож, нэгэн өдрийг хөгжөөнт тоглоом, дуу хуур, бүжиг, баяр хөөртэй өнгөрүүлсэн байна. Тус ангийн удирдлагууд “Гэр бүл гэдэг бидний хамгийн бат найдвартай ар тал. Ажил алба сайн явахын ард гэр бүлийн чин сэтгэлийн дэмжлэг, оролцоо өндөр байдаг учраас бүрэлдэхүүнийхээ хань ижил, үр хүүхдүүдэд талархал илэрхийлж байх нь зүйн хэрэг билээ” хэмээн онцлоод айл бүр хүүхдийн инээдээр цалгиж байхыг ерөөсөн юм.