
Зэвсэгт хүчний 234 дүгээр анги иж бүрэн үлээвэр, найрал хөгжимтэй боллоо. Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр тус ангид 9 нэр төрлийн үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг бэлэглэж, бие бүрэлдэхүүнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тус ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү “Ангид хөгжмийн иж бүрэн зэмсэг хандивласан эрхэм дэд хурандаа Б.Оюунтүлхүүр танд хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Мөн ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба болон Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх даргатай хамт олонд маш их баярлалаа. Бид энэ өдрөөс эхлэн хөгжмийн салаагаа чадваржуулан мэргэшүүлэхэд онцгой анхаарах болно” гэсэн юм.
Усчин дайчид үүнээс гадна Сургалтын төвөө төхөөрөмжлөн тохижуулж, спортын төвөө бүрэн шинэчилж, соёлын төв, буудлагын болон саадын зурвасууддаа засвар, шинэчлэл хийж, алба хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд офицер, ахлагчийн орон сууцнуудад их засвар оруулж, ая тухтай болгон өнгө төрхийг нь сайжруулсан юм.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан “Олон улсын ахмад өдөр”-ийг тохиолдуулан ахмад дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ангийн захирагч, дэд хурандаа Ц.Батхүү ангийн хэтийн төлөв хийгдэх ажлын талаар товч танилцуулж, гарын бэлэг гардууллаа. Мөн ангийн зарим алба хаагчид дуу, бүжиг, яруу найраглалын төрлүүдээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)