• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЗАМ” СУРГУУЛЬ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-01 11:00:00
Үзсэн: 195

“ЗАМ” СУРГУУЛЬ 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-01 11:00:00 Үзсэн: 195



   Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам” сургууль 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

   Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдсан энэ удаагийн сургуулийн хаалтын ёслол 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масару Игавахара, тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын аттеше дэд хурандаа Ирики Ёохэй, Япон Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын хэлтэс, Энэтхэг-Номхон далайн бүсийн бодлогын газрын барилгын хэлтсийн орлогч дарга Хомма Минору нарын албаныхан оролцсон юм.

    “Зам-2024” хамтарсан сургуулийн хаалтын ёслол хэд хэдэн арга хэмжээг нэгтгэн багтааснаараа онцлог байв. Тухайлбал, Монгол, Японы цэргийн инженерүүд “Зам” хамтарсан сургалтыг эхлүүлсний 10 жилийн ой, хамтарсан сургалт дадлагын хүрээнд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд 550 метр замд асфальтан хучилт хийж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн авто зам хүлээлгэн өгсний давхар давхар баяр энэ өдөр тохиосон юм.

    Бригадын генерал Т.Галбадрах “Зам-2024” сургууль нь Монгол, Японы цэргийн инженерүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг бататгасныг онцолж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 3 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснийг дурдлаа. Мөн тэрээр хоёр улсын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг нь “Зам” сургалт, дадлага болсонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масару Игавахара үг хэлэхдээ энэ удаагийн хамтарсан сургалт дадлагаар барьж гүйцэтгэсэн асфальтан хучилттай зам, ус зайлуулах хоолой нь өндөр чанартай, гүйцэтгэл сайн болсныг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Япон цэргийн инженерүүд харилцан туршлага солилцох, авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэхэд “Зам” хамтарсан сургалтын ач холбогдол оршиж байгааг тодотгож, эхэлсэн цагаасаа хойш үр дүнтэй явагдсаныг нь энэ үеэр илэрхийллээ. Үүний сацуу ирэх жилээс хоёр орны инженерийн цэргийнхэн шинэ хөтөлбөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсныг ч дуулгасан юм.

“Зам-2024”-ийн Монгол талын сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Японы талын сургуулийн удирдагчаар Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн хорооны штабын дарга, дэд хурандаа Цучия Хироюки нар ажиллалаа.

Хаалтын ёслолын дараа Монгол Улсын түүх, өв соёл, уламжлалыг сурталчлах "Бэсрэг наадам" зохион байгуулагдсан ба Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбарынхан "Монголчуудын соёл уламжлал үнэхээр гайхамшигтай юм. Дэлхийд нэн ховор өв соёл шиг санагдлаа. Хүүхдүүд нь бага мөртлөө хурдан морийг тун гарамгай унаж, давхихыг нь хараад маш их бахархаж байна. Сайхан Монгол оронд саатсандаа бид баяртай байна" хэмээн онцолж байлаа.

Ахмад Б.ДҮҮРЭНБИЛЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118