• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛДАРТ БОР ХҮЛЭГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ТӨРИЙН НААДМАА НЭЭНЭ
Нийтэлсэн: 2024-06-17 14:43:47
Үзсэн: 508

АЛДАРТ БОР ХҮЛЭГ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ТӨРИЙН НААДМАА НЭЭНЭ
Нийтэлсэн: 2024-06-17 14:43:47 Үзсэн: 508



       Жил жилийн наадам дөхөхөөр л Төрийн тугийг хүндэтгэн залах, цэнгүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэдэг Монгол Улсын төрийн торгон цэргүүд, түүний хүлэг морьд л хамгийн түрүүнд санаанд бууна. Тэр дундаа төрийн хонжны хүлэглэдэг бор морь. Энэ жил 16 дахь төрийн наадамдаа оролцож, ирэх жилээс “жинхэнэ”-ээсээ тэтгэвэрт нь гаргах тухай дуулдана лээ. Уг нь жил бүр тэтгэвэрт нь гарах тухай яригддаг ч түүний гүйцэтгэл өндөр, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршсан нь жагсаалаас гаргахад дэндүү хайран, нөгөө талдаа эзэн хүлгийн нэгэндээ ээнэгшин дассан сэтгэлтэй ч холбоотой байх.

     Бор морийг анх Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй. Тэр цагаас хойш төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар унаж хэрэглэсэн ба хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, өдгөө хурандаа М.Болдбаатар гурав дахь жилдээ Төрийн их наадамдаа хүлэглэхээр Шажин хурахын аманд бэлтгэл хангаж байгаа гэнэ.

    Ийнхүү удахгүй болох төрийнхөө их наадамд төрийн хонжинтойгоо гарч ирэх хийморьлог бор хүлгийг та бид дахин омогшил, бахархалтайгаар харах нь ээ. Бүсгүйчүүд гэрэл зургаа авахуулахдаа өнцгөө олно гэдэг шиг энэ бор хүлэг наадам бүрээр хөгжим аялгуу эгшиглэхэд хазаар даран дүүхэлзэж, хурсан олны алга ташилт, уухай дуунд нь чихээ сортолзуулан эрхэмсэг алхдаг билээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117