
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нартаа энэ өдрүүдэд хүндэтгэл үзүүлж байна. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан гэхэд 10 дугаар сарын 14-ний өдөр хугацаат цэргийн алба хаагчдаа Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулж, анги, хамт олноороо баяр талархлын үг дайж, хамтдаа дуулж, бүжиглэсэн юм.

Тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Г.Дүнжингарав удахгүй халагдах гэж буй хугацаат цэргийн алба хаагчдад хандан “Эрхэм байлдагч,түрүүч нартаа юуны өмнө баяр хүргэе. Та бүхэн эх орон, тусгаар тогтнол ямар их үнэ цэнтэй, цэргийн алба гэдэг ямар сайхан орчин бэ гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэгт итгэж байна. Аав, ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо нүүр бардам очих эрхтэй хүмүүс шүү, та нар. Амьдрал дээр нэгэндээ дэмтэй, ойр дотно яваарай гэж дүү нартаа захья. Цэргийн гэрээт албанд улирах боломж та бүхний өмнө нээлттэй” гээд ЗХЖШ-ын даргын тушаалаар зарим тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдад “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” болон “Онц буудагч”, талархлын захидлуудыг гардуулан өглөө. “Онц сурлагатан” тэмдгээр байлдагч Э.Мөнхтулга, Ш.Тогтохбаяр нарыг, “Тамирчин дайчин” тэмдгээр дэд түрүүч Б.Хилчинбаатар, “Онц буудагч”-аар байлдагч Г.Өнөрбаян, Б.Отгонбаяр нарыг, талархлын захидлаар дэд түрүүч М.Өлзий, байлдагч Г.Амгаланбаатар, Т.Одбаяр, Г.Түвшинжаргал, Г.Мөнххүслэн, Б.Сүхбаатар, Б.Алтайсайхан нарыг шагнаж урамшуулсан юм. Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын дараа авьяаслаг хугацаат цэргийн алба хаагчдын тоглолтыг толилуулж, анги, хамт олноороо тэдэндээ ээлжлэн сэтгэлийн үгээ дайж, дурсгалын зүйл гардуулан, хамтдаа бүжиглэлээ.

Зарим ч нь нулимс дуслуулан “Миний дүү нар цэргийн албаараа үргэлж бахархаж яваарай. Цэргийн алба та бүхэнд мардагдашгүй дурсамж, цэрэг-эх оронч үзэл сэтгэлгээ, бие бялдрын хөгжил, төлөвшил бас нөхөрлөлийг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээхэд хугацаат цэргүүд алга нижигнүүлэн ташиж байсан юм. Тэдний дунд хөнгөн гунигтай хоёр залуухан офицер сууж байх нь ротын захирагч, ахлах дэслэгч А.Баасанганьд, салааны захирагч, дэслэгч М.Билэгдэмбэрэл нар. Өөрсдийнхөө гараар бэлдсэн цэргүүд нь одоо халагдана гэхээр жаргалтай атлаа гунигтай ч юм шиг тийм нэг мэдрэмж дүүрэн байгаа нь андашгүй.

Ахлах дэслэгч А.Баасанганьд “Хугацаат цэрэгтэй ажилладаг хүн бүр энэ мэдрэмжийг мэдэх байх аа. Цэргүүдээ халагдах дөхөөр нь дэндүү дассанаа мэдэрч, сэтгэл хоосрох мэт санагдаад л. Манай цэргүүд үнэхээр сайн залуус. Ротын захирагчийнх нь хувьд албаа нэр төртэй хааж байгаа цэргүүдээрээ маш их бахархаж байна” гэсэн бол дэслэгч М.Билэгдэмбэрэл “2019 онд ҮБХИС-ийг төгссөн. Төгсөж ирээд л эдгээр хугацаат цэргийн алба хаагчдаа сургаж, бэлтгэх эрхэм бөгөөд чухал ажилд томилогдсон юм. Миний авсан анхны цэргүүд гэдэг утгаараа их дассан байна. Халагдсаны дараа нэг хэсэгтээ л санах байх даа” гэсэн юм.
Энэ үеэр зарим хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг хуваалцсан юм.
Дэд түрүүч Б.ХИЛЧИНБААТАР:
-Таны нэр ямар гоё юм бэ?
-Баярлалаа. Аав минь хайрласан нэр. Миний аав Ц.Бямбадорж Хилийн цэрэгт насаараа ажиллаад 2009 онд тэтгэвэртээ гарсан хүн. Хүүгээ хил дээр төрлөө гээд энэ сайхан нэрийг нь хайрласан юм билээ. Одоо аав, ээж хоёр маань Сэлэнгэ аймгийн Түшиг сумандаа ажиллаж, амьдарч байгаа. Хүүгээ хүлээгээд л. Гэртээ хариад аавдаа цэрэг хүний ёсоор “Эрхэм ахлагчид, таны хүү Хилчинбаатар Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад ирснийг илтгэе” гэж хэлнэ. Аав минь их баярлах байх аа.
-Үнэхээр сайхан сонсогдож байна. Заавал илтгээрэй, миний дүү. Та цэргийн албаны талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ?
-Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан. Олон аавын хөвгүүд өмсөж зүүсэн хувцас, эзэмшсэн мэргэжлээрээ ялгарахгүй зөвхөн эх орондоо тангараг өргөсөн хүн шүү гэдгээрээ ижилсэн суралцсан нь хамгийн сайхан санагдлаа. Цэрэгт очоод бие бялдар чийрэгжиж, сэтгэл зүй төлөвшиж, тэсвэр хатуужилтай болдог гээд хэвлэлээс зөндөө л уншиж байсан. Надаас нэг их хол юм шиг санагдаж байсан ч өнөөдөр нэг жилийн хугацааг эргээд бодоход үнэхээр л энэ эрхэм чадваруудыг эзэмшдэг юм байна. Хамгийн гол нь эх орондоо илүү хайртай, цэргийн албыг илүү хүндэлдэг боллоо. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхаа удирдлага, бие бүрэлдэхүүнд нийт хугацаат цэргийн алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.

Байлдагч Б.АЛТАЙСАЙХАН:
-Намайг Б.Алтайсайхан гэдэг. Говь-Алтай аймгийнх. Хугацаат цэргийн албандаа нийслэлийн Баянгол дүүргээс татагдаж ирсэн. Бид бүхэн цэргийн албанд мартагдашгүй нэг жилийг өнгөрөөлөө. Цэргийн хуаранд өнгөрүүлсэн цаг хором мөч бүхэн минь үнэ цэнтэй гэж хэлмээр байна. Аав, ээждээ л хурдан очиж өөрийгөө харуулахыг хүсэж байна. Үнсүүлэхийг бас хүсэж байна. Ээждээ зориулж цөөнгүй шүлэг бичсэн. Тэр шүлгээ очоод уншиж өгнө өө.
Байлдагч Ж.СҮХБАТ:
-Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас ирсэн. Миний аав Жаргал Зүүнбаянгийн цэргийн ангид гурван жилийн алба хаасан сайхан буурал бий. Аавыгаа цэргийн албаар үргэлж бахархаж ярьдаг болохоор нь хугацаат цэргийн албаа заавал хаана гэж боддог байсан юм. Өнөөдөр надад хамгийн хэцүү санагдаж байгаа зүйл бол яаж анги, хамт олон, онжавууддаа “Баяртай” гэж хэлнэ ээ. Өөрийн эрхгүй уйлах юм шиг санагдаад л байна. Биднийг өдий зэрэгтэй ижил дасал болтлоо сургаж бэлтгэсэн Зэвсэгт хүчиндээ баярлалаа. Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдадаа баярлалаа.
Ахлах байлдагч Ш.ТОГТОХБАЯР:
-Манай анги яг л нэг гэр бүл шиг халуун дулаан уур амьсгалтай. Химичин дайчдынхаа нэг нь болж чадсандаа маш их баяртай байна. Цэргийн албанаас сурсан зүйлээ тоочвол мундахгүй их бий. Өнөөдөр биднийг ангийн Байлдааны туганд хүндэтгэл үзүүлүүлж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Байлдааныхаа тугийн өмнө бөхийхөд өөрийн эрхгүй нулимс минь гарсан. Энэ нь тугийн доор жигдрэн жагсаж явсан гэж бодохоор л дэндүү дотно санагдсан юм.




Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА