Энэ сарын 21, 22-ны өдөр орсон усархаг, аадар борооны улмаас Туул голын усны түвшин огцом нэмэгдэж, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат, Сонгино орчмын 100 гаруй айл өрхийг үерт автсан тухай мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байгаа билээ. Тэгвэл өнөөдөр усанд автсан болон боогдсон тэдгээр иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх, зөөвөрлөх ажлыг Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас таван цэргийн алба хаагч хоёр нэгж техниктэйгээр гүйцэтгэлээ.
Ахмад Б.Лхагва-Очироор ахлуулсан зенитчин дайчид өнөөдрийн 19.00 цагийн байдлаар усанд автсан Биокомбинат орчмын айл өрх, усанд боогдсон “Mongolica” амралтын газар болон “Баруун байр”-ны оршин суугчдыг “ЗИЛ-131” маркийн хоёр нэгж техниктэйгээр аюулгүй газар тээвэрлэн хүргэсэн байна.
Үүний сацуу Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид Завхан аймагт үерийн улмаас үүссэн гамшгийн голомтыг арилгах, айл өрхүүдийг нүүлгэх ажлыг мөн өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн билээ.