
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020" тактикийн хээрийн сургууль эхэллээ. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Сэлэнгэ” сургууль нь 2008 оноос “Дархан” нэртэйгээр анх хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан, Монгол Улсын Онцгой комиссын өгсөн шийдвэрийн дагуу анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын алба хаагчид Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн сургалтын бааз, зэвсэглэл, цэргийн техникийг түшиглэн Төв аймгийн нутагт зохион байгуулж байгаа бол ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчид ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэр "Бурдун"-ы полигонд хамтарсан сургуулиа нэгэн зэрэг эхлүүллээ. "Сэлэнгэ-2020" тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 05-ны энэ өдөр болсон бөгөөд нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Энэ удаагийн сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, сургуулийн штабын даргаар Хуурай замын цэргийн командлалын төрөл мэргэжлийн офицер, хурандаа Н.Сүхбаатар ажиллаж байна. Сургуулийг нээж сургуулийн удирдагч, бригадын генерал Л.Онцгойбаяр хэлсэн үгэндээ "Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа өнө эртний түүхтэй бөгөөд бидний найрамдалт харилцаанд тулгуурлагдсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургууль дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өөр өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа нь хоёр орны дайчин нөхөрлөл дайны хүнд жилүүдэд ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ч улам батжин бэхжиж, гүнзгийрч байгааг түүхэн энэ өдөр бахдахдаа таатай байна. Сургуульд оролцож байгаа эрхэм офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, ажилтан албан хаагч Та бүхэндээ сургуулийн удирдлагын зүгээс даалгасан үүргийг чанд биелүүлэн, албандаа өндөр амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа энэ дашрамд илэрхийлье" гэлээ. Мөн энэ үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, дарга, хурандаа Ц.Жавхланбаатар сургуульд оролцогчдод баяр хүргэж үг хэлсний дараа Монгол Улс болон ОХУ-ын Төрийн далбаа, "Сэлэнгэ" сургуулийн далбааг мандуулж, сургуульд оролцогчид цэргийн ёслолын жагсаалаар сүр жавхлантайгаар алхцгаалаа.

Нээлтийн арга хэмжээний төгсгөлд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн, Төв аймгийн "Монгол туургатан" театрын уран бүтээлчид урлагийн тоглолт дэглэж, толилууллаа.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, сургуулийн удирдлагч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын сэтгэгдлээс хуваалцсан юм.
Хурандаа Ц.Жавхланбаатар:
- Мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай, баялаг түүхтэй бөгөөд сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа даяаршлийн энэ эрин зуунд ч шинэ шинэ утга агуулгаар баяжин, улам бүр гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон дурдах учиртай. Хэдий энэ жил орос нөхөдтэйгөө харилцан суралцах, туршлага солилцдог уламжлалт тактикийн хээрийн сургууль цар тахлын улмаас хумигдсан ч гэсэн дайчин нөхөрлөлийн замналаар өөр өөрийн нутаг дэвсгэртээ нэгэн зэрэг зохион байгуулж байгаа нь бидний харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд хүрсэн бэ гэдгийг илтгэнэ. Хамтарсан сургуулийн үр дүнд манай хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Бригадын генерал Л.Онцгойбаяр:
-Намрын адаг сар, өвлийн тэргүүн сарын эхэнд цаг агаарын эрс тэс нөхцөлд цэргийн хүмүүс хэрхэн сургуулиа явуулдаг тэр жишгээр “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулах гэж байна. “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургуулийг хоёр орны Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулсаар 13 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил төлөвлөгөө ёсоор ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах байсан бөгөөд Оросын талаас хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан гэдгээ илэрхийлсэн. Харин дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сургууль явагдах ОХУ-ын газар районд очих боломжгүй болсон юм. Гэсэн ч бидний жилийн дайчин нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулиа завсарлуулахгүйгээр өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулж байна. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал С.М.Севрюков Монгол Улсын талд сургуулиа тасалдуулахгүйгээр зохион байгуулж буй явдалд талархал дэвшүүлж байсныг уламжлахдаа таатай байна. Хэрэв дараагийн шатанд Монгол Улсын Онцгой комисс зөвшөөрвөл Оперитавын шуурхай бүлэг ОХУ-д зохион байгуулагдах Команд штабын сургуульд оролцох төлөвлөгөөтэй байна. “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургууль нь жил бүр харилцан адилгүй чиглэлээр тэр дундаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах сэдвийн хүрээнд явагддагаараа онцлог юм. Манай Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын дайчид сургуулийн бодлого төлөвлөлт, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангахын төлөө маш их хичээж зүтгэж байгааг онцлох учиртай.






Ахлах дэслэгч Д.Болормаа