• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДОРНОДЫНХОН ҮНЭХЭЭР Л ДАЙН ҮЗСЭН АРД ТҮМЭН ЮМ АА ...
Нийтэлсэн: 2024-08-27 10:25:01
Үзсэн: 246

ДОРНОДЫНХОН ҮНЭХЭЭР Л ДАЙН ҮЗСЭН АРД ТҮМЭН ЮМ АА ...
Нийтэлсэн: 2024-08-27 10:25:01 Үзсэн: 246



    Дорнодынхон үнэхээр л дайн үзсэн ард түмэн юм аа. Үнэхээр шүү. Халхын голын байлдааны ялалтын тэгш ой бүртээ улсын наадмаасаа ч өргөн бүрэлдэхүүнээр хөгшин залуу, хүүхэд балчиргүй бүгд цуглаж, хамаг гоёлоо өмсчхөөд алга ташиж зогсоно. Бахархмаар шүү. "Сэлэнгэ-2024" хээрийн сургуулийн нэгдсэн байлдааны буудлагыг харахаар улсын наадмын соёолонгийн тоосыг үзэхээр цугладаг тэр хэдэн мянган наадамчдаас ч дутахгүй тийм л олуулаа цуглаж. Өнөөдөр цэргийн ёслолын жагсаалд ч ялгаагүй. Ахмадууд нь номхон зогсчихоод, хүүхдүүд нь ёсолж өндөлзөөд ямар уярам юм бэ.

   Дорнод аймгийн ард иргэд энэ цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр дайны хүнд жилүүдэд ард цолтой байлдагч явсан юм. Зөвхөн Халхын голын байлдааны ялалтын ой гэлтгүй цэргийн үйл ажиллагаа бүртээ ингэж л хүндэтгэлтэй хандаж, цугладаг, баярладаг ард түмэн. Цэрэг хүн тэдэнд эх орон нь, цэрэг хүн гэдэг тэдэнд баяр бахдал нь болж яваа тийм л түмэн олон гэж хэлнэ.

     Өнөөдөр Чойбалсан хот тэр чигтээ ялалтын баярын уур амьсгалд умбаж, хөгшид буриад дээлээ иж бүрэн агсаж, одон тэмдгээ энгэртээ гялалзуулан, багачууд нь "Цэрэг болно оо" гэсэн мөрөөдэлтэйгөөр ёсолж зогсоно. Энэ л баатарлаг дайчин түмний эх оронч, цог золбоотой чин зүрхний халуун эрчис харцнаас нь, үгнээс нь, үйлдлээс нь үргэлжид цацарна. Эх орны минь зүүн хязгаар ийм л эх оронч түмэн олонтой байхад алзахгүй. Хэзээ ч алзахгүй. Дайн үзсэн энэ ард түмний цэрэг-эх оронч хүмүүжил дор өсөн торниж байгаа хөвгүүдээс нь цэргийн суут жанжнууд олноор төрөн гарна гэдэгт нь ч эргэлзэхгүй байна. Халхын голын байлдааны ар талын фронтод Монгол дээлийнхээ ханцуйг шамлаж, хормойг шууж ард цолтой байлдагч явсан зон олон Та бүхэндээ баярын мэнд хүргэе!

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116