Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 16 дахь удаа амжилттай зохион байгуулагдсан билээ. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Дорнодын их талд зохион байгуулагдаж, сургуульд оролцогч хоёр орны цэргийн алба хаагчид нэгдсэн буудлагыг зохион байгуулж, сургуулийн зорилго, зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлэв. Түүхт ялалтын 85 жилийн ойн хүрээнд “Сэлэнгэ” хээрийн сургуульд оролцсон дайчид Чойбалсан хотод цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Халхын голын байлдааны ялалтын үнэ цэн, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлав.
Ийнхүү уламжлалт сургууль өндөрлөж, Монгол Улсын цэргийн алба хаагчид байнгын байрлалд шилжиж, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн алба хаагчид нутаг буцав. “Сэлэнгэ-2024” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нарын албаныхан орос нөхдөө үдэн мордуулж, манай сайхан оронд саатаж, хоёр орны Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлснийг онцолсон юм.