• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАРХИ, СЭТГЭЛ, АВЬЯАСТАЙ "ТУЛЖ" АЖИЛЛАДАГ ОФИЦЕРУУДЫН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2024-09-03 15:00:38
Үзсэн: 192

ТАРХИ, СЭТГЭЛ, АВЬЯАСТАЙ "ТУЛЖ" АЖИЛЛАДАГ ОФИЦЕРУУДЫН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2024-09-03 15:00:38 Үзсэн: 192



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангийн сэтгэл зүй, соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил, заах арга зүйн цугларалтыг 09 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

    “Таны бахархалт алба хамт олон, цэрэг дайчдынх нь толь” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа цугларалтад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 123 дугаар анги соёл хүмүүжлийн албаараа өргөн бүрэлдэхүүнтэй өндөр ач холбогдол өгч оролцож байгаад зохион байгуулагчид талархал дэвшүүлж байсан юм.

    Цугларалтын эхний өдөр тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн соёл хүмүүжлийн офицер, хошууч Б.Батгэрэл “Цэргийн насны залуусын нийгэм, сэтгэл зүйн онцлог, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлага”, “Соёл хүмүүжлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдвээр мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхийн сацуу цугларалтад оролцогчдыг хугацаат цэргийн алба хаагч, тэдний эцэг эх, бусад оролцогч нартай хэрхэн харилцах, хэрхэн зөвлөгөө, мэдээлэл хүргэх талаар бодит “кейс”-тэй дасгалуудыг бүлэг бүлгээр гүйцэтгүүлэв.

    Түүнчлэн тус командлалын Артиллерийн дарга хурандаа Т.Батбор “Хуурай замын цэрэг” ном бүтээх ажлын хэсгийн талаар мэдээлэл хүргэж, үүнд нэгтгэл, ангиудын оролцооны талаар тодотгосон бол Захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер ахмад Д.Болормаа хэвлэл мэдээлэлтэй харилцахад анхаарах асуудал, хэвлэлийн мэдээ бэлтгэж ирүүлэхэд тавигдах шаардлагын тухай санал солилцож, энэ төрлийн үйл явдлын өнгөрсөн сургамжид үндэслэсэн дасгал гүйцэтгүүллээ.

    Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Б.Гансүх "Хугацаат цэргийн алба хаагчид төдийгүй байнгын бүрэлдэхүүнд ажил албаараа бахархах, соён гэгээрүүлэх, итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд соёл хүмүүжлийн ажил, арга хэмжээ хамгаас чухал. Сургаж бэлтгэх нь нэг асуудал, сургагдсан дайчдыг сэтгэл зүйн хувьд дэмжиж төлөвшүүлэх нь түүнээс илүү хүнд хөдөлмөр" хэмээгээд эрхэлж байгаа ажил мэргэжлээрээ бахархаж, аль болох “хайрцаг”-аас гадна сэтгэхийг захилаа.

    Энэ өдөр цугларалтад оролцогчид нээлттэй ярилцсан ба Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга хошууч Л.Амарбаясгалан хугацаат цэргийн алба хаагчтай ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах оновчтой арга замын талаар ч өөрийн туршлага, сургамждаа үндэслэн залуу офицер, ахлагч нарт заавар, зөвлөгөөг ч хүргэж байсан юм.

Зэвсэгтэй биш тархитай, сэтгэлгээтэй, авьяас чадвартай нь “тулж” ажилладаг, цар наргүй хөдөлмөрийн эзэд болсон тэдний заах арга зүйн цугларалт маргааш командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд үргэлжлэн явагдана.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116