Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах нийтийн биеийн тамирын тэмцээн уралдаан эхлэхэд 7 хоног үлдээд байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд тэмцээнийг угтан баг тамирчдаа өндөр зохион байгуулалттайгаар бэлтгэж, сургалт бэлтгэлийг нь ч тасралтгүй өрнүүлж байна.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн ч гэсэн явагдах тэмцээний бүх төрлөөр баг тамирчдаа бэлтгэж, тусгайлсан хөтөлбөр төлөвлөгөө гаргажээ. Тэр дундаас хөлбөмбөгийн спортын мастер, хошууч У.Батцэнгэл ахлагчтай нэгтгэлийн хөлбөмбөгийн тамирчид Төв аймаг дахь талбайд бэлтгэлээ базааж байхад нь “Цэрэг хүн жагсаалын дуугаа хэзээ ч мартдаггүй” гэдэгчлэн нэгэн баярт үйл явдал тохиолджээ.
Учир нь юу гэхээр Зуунмод сум дахь хөлбөмбөгийн талбайн хажуугаар өнгөрч явсан Пүрэвдоржийн Болд хэмээх буурал цэргийн бололтой залуусыг бэлтгэл хийж байхыг хараад хүрээд ирж гэнэ. Ирээд “Цэргийн ангийн хүүхдүүд үү” гэж лавлаж бүр өөрийнх нь нэгэн цагт гурван жилээр хугацаат цэргийн алба хааж байсан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн алба хаагчид гэдгийг сонсоод баярлаж, өөрийнхөө дасгалжуулагчаар нь ажилладаг клубт бэлтгэлээ үргэлжлүүлэхийг урьсан байна. 1982-1985 онд тус нэгтгэлийн Зенит артиллерийн батарейны АЗП-37 пушикийн наводчик оператороор бага түрүүч, түрүүч цолтой алба хааснаа дуулгаж, халагдаад хөлбөмбөгийн хөгжилд насаараа зүтгэж яваагаа ч хуучилж.
Үндсэндээ 1979 оноос эхлэн 45 дахь жилдээ хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэж, 7 удаа улсын аваргаар тодорч, 23 удаа улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг хаалгач”, Улаанбаатар хотын 4 удаагийн аваргаар шалгарсан нэгэн цагийн ийм л шилдгийн шилдэг хөлбөмбөгчтэй манай нэгтгэлийн тамирчид таарсан нь энэ байлаа. 30 насандаа спортын мастер цол хүртэж явсан ахмад хөл бөмбөгчин П.Болд гуай цэрэг, хөл бөмбөг гэдэг хоёр сэдвээр хуучлах дуртай, сэтгэл сэргээдэг яриа болдгийг залууст захиж, өөрийнх нь дасгалжуулагчаар ажилладаг Монголын хөлбөмбөгийн холбооны харьяа “Шинэ яармаг” клубт хурдан гүйгээд очихыг хэлж, нэгтгэлийнхэн ч бөөн баяр хөөр болж, дуртайяа очих болжээ.
Өдгөө хошууч У.Батцэнгэл ахлагчтай баг тамирчид тус клубын талбайд бэлтгэлээ базааж, ахмад хөлбөмбөгчнийхөө заавар, зөвлөмжийг тасралтгүй хүртэж, баярлаж талархаж буйгаа ч харамгүй илэрхийлж байгаа гэнэ. Тэд ахмад хөлбөмбөгчиндөө алтан медальтай ачийг нь хариулах сан гэсэн зорилго өвөртөлчхөөд “Шинэ яармаг” клубыг яг энэ цаг үед эзэгнэн гүйлдэж яваа дуулдлаа. Цэрэгтээ элэгтэй ийм л хүмүүст талархдаг даа ...
Ахмад Д.БОЛОР