Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчин танкчид, өдгөө танкчдын алдар гавьяа, амжилт бүтээлийг нэр төртэйгөөр залгамжлан яваа эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нартаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд Хуягт танкийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Түүхийн хуудас сөхвөл Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1943 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 68 тоот тушаалаар Монголын Ардын Хувьсгалт цэргийн “Тусгай танкийн рот” нэртэйгээр байлдааны салбар байгуулагдаж, хуягт танкийн цэргийн дайчин замнал, түүхийн эхлэл тавигдсан билээ.
Энэхүү түүхэн үйл явдлыг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2013 оны А/368 тоот тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн өдрүүдийг батлах тухай” болон “Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 09-ний өдрийг Хуурай замын цэргийн цохилтын гол хүч болсон “Хуягт танкийн цэргийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн бүхий л үе шатанд Хуягт танкийн мэргэжлийн бие бүрэлдэхүүний гүйцэтгэсэн үүрэг асар их бөгөөд дайны хүнд цаг үеэс эхлэн өнөөгийн энх цаг хүртэлх хугацаанд хуулиар хүлээсэн олон талт үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэн нэр алдраа цуурайтуулсаар байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхдээ таатай байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсэн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгч танкчин нөхдөдөө болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хуягт танкийн цэргийнхний сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ