• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Д.Дэмидсүрэн: ТАНК НЬ ХУРДАН, БУУ НЬ ЦЭЦЭН БАЙГ ЭЭ
Нийтэлсэн: 2024-09-10 14:24:03
Үзсэн: 253

Д.Дэмидсүрэн: ТАНК НЬ ХУРДАН, БУУ НЬ ЦЭЦЭН БАЙГ ЭЭ
Нийтэлсэн: 2024-09-10 14:24:03 Үзсэн: 253



 

     Хуурай замын цэргийн цохилтын гол хүч болсон хуягт танкийн цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний танкийн хөгжил нь ная гаруй жилийн түүхтэй бөгөөд залуу танкчид маань ахмад үеийнхнийхээ үйлсийг үргэлжлүүлж, гадаад дотоодын цэргийн хээрийн сургууль, “Армий игры”, “Танкийн биатлон” зэрэг олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өнгөлж явна. Тэдний нэг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн танкийн ротын ахлагч ахлах ахлагч Д.Дэмидсүрэнтэй бид баярынх нь өдөр уулзаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.

Танд баярын мэнд хүргэе. Та бүхний баярын өдөр хэрхэн өрнөдөг юм бол?

      -Хуягт танкийн цэргийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 9-нд зохион байгуулдаг болоод 81 жил болж байна. Энэ өдөр эх орны минь өнцөг булан бүрд Зэвсэгт хүчнийхээ танкчдынхаа ажил мэргэжлийг ойлгон хүндэтгэж, ахмад залуу үеийн танкчид уулзалт хийх зэргээр өнгөрүүлдэг. Бид энэ жил ажил мэргэжлээ сурталчлан таниулахаас гадна ангийнхаа бүрэлдэхүүний хэмжээнд модон барилдааны тэмцээн зохион байгуулж байна. Хурд хүч, авхаалж самбаа шаарддаг нь цэргийн алба хаагчдын эн тэргүүний байх ёстой чадвар учраас энэхүү тэмцээнийг сүүлийн үед нэлээд зохион байгуулж байгаа нь анзаарагддаг. Түүнээс гадна манай аймагт зохион байгуулагдаж байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын Зүүн бүсийн чуулга уулзалт гээд манай анги, Ахлагчийн зөвлөл маань ажил үйлс өрнүүн л байна даа.

Монгол Оросын цэргийн алба хаагчдын хамтарсан "Сэлэнгэ" хээрийн сургууль саяхан амжилттай өндөрлөлөө. Танкчдын маань хувьд ямар сургууль болж өнгөрөв өө?

      -Одоогоос яг арван жилийн өмнө “Сэлэнгэ” хээрийн сургууль манай аймагт зохион байгуулагдахад ангиа төлөөлөн БТР-ын жолоочоор оролцож байсан бол сая танкийн ротоо ахалж ажиллалаа. Энэ удаагийн хээрийн сургуулиар дайралтын, давшилтын зэрэг жижиг бүлгийн болон хот доторх байлдааны ажиллагаа гэсэн хоёр агуулга бүхий сургалт болсоноороо өмнөх сургуулиудаас онцлогтой боллоо. Харин манай танкчдын маань хувьд 37 жилийн дараа танкийн далд харааны буудлагыг амжилттай хийж гүйцэтгэснээрээ онцлогтой, бахархам амжилттай сургуулилалт боллоо.

Та ер нь яагаад танкист хэмээх эр зориг сорьсон энэ ажил мэргэжлийг сонгосон хүн бэ?

      -Би унаган Дорнодын хүн л дээ. 2006 онд “Хан-Уул” цогцолбор сургуулиа төгсөөд ХААДС-д Байгал орчны хяналт үнэлгээний чиглэлээр хоёр жил сурсан ч миний ирээдүй бишийг мэдээд больж, нэг хэсэг хотод хэвлэлийн жижиг бизнес эрхэлж үзсэн. Тэр хооронд цэргийн зарлан ирсээр л байсан. Ингэж явсаар 2009 онд 22 насандаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хугацаат цэргийн албанд очоод, Тангарагийн баярын дараахан дэд түрүүч цол авч, бага дарга болоод л Зэвсэгт хүчинд сэтгэл татагдсан. Алба хаах хугацаандаа ангийн хээрийн гаралтад ротын пулемётчин болж, байлдааны буудлага хийж байхад хажууд танкаар буудаж байгаа нь сүрдмээр, бас маш их таалагдсан. Өөрийн техник сонирхолдоо хөтлөгдөн танкист болохоор шийдсэн. Тэр жил ОХУ-ын Чита мужид цэргийн бага мэргэжил олгох гурван сарын сургалтад манай хугацаат болон гэрээт цэргүүдээс цорын ганц удаа сонгож явуулахад хамрагдсан азтай хүн төдийгүй тэгж сонголтоо бүр баталгаажуулсан хэрэг. Зэвсэгт хүчний анги байгууллагуудаас зенит, БТР, Т-72 танкийн механик жолооч бэлтгэх дамжаанд тус бүр арван залууг суралцуулахаар сонгосон. Танк жолоодох нь байтугай сууж ч үзээгүй бидний арван залуу тэр гурван сарын хугацаанд онол, дадлагын маш шахуу бэлтгэлд хамрагдсан, сайн ч сурсан. Тэндээс хамгийн сэтгэлд тодхон байгаа нь 100 км-ын марш байлаа. Сургалт эхлээд арав хоногийн дараа нэг нэг танк өгөөд л шавар ус, намаг, ой бүхий маш их бартаатай замаар марш үйлдүүлсэн. Айдас, сандрал, огшил, онгирол, сэтгэл хөдлөл зэрэгцсэн маш гоё үйл явдал байсан даа. Танкийн мэргэжлээр суралцсан тэр арван залуугаас одоо Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Танкийн батальоны ротын ахлагч Б.Цэрэнбат, бид хоёр л ажиллаж байна даа.

Оросод төгссөн танкистын ажил амьдралын гараа хаанаас, хэрхэн эхлэв ээ?

      -Төгсөж ирээд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын процесс хангах ротын Танкийн механик жолооч-дадлагын багшаар томилогдож, гурван жил ажилласан. Тэгээд 2013 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангидаа Сургалтын процесс хангах ротын Танкийн механик жолоочоор томилогдсон. Нутгаасаа гараад долоон жилийн дараа эзэмшсэн ажил мэргэжилтэй, цэргийн алба хаагч болоод эхнэр, хүүхдээ дагуулаад очиход төрсөн нутаг маань сайхан хүлээж авсан. Ангидаа арав гаруй жил ажиллахдаа Танкийн ротын Салааны ахлагч хүртэл дэвшин ажиллаж, зорьсон л бол хийдэг, эвсэг, чадварлаг баг бүрдүүлж, мэддэг чаддаг бүхнээ зааж өгөхийг хичээж ирлээ. Залуус, дүү нартаа “Чадна аа, чи чадна” гэж хэлэх дуртай.

Анх танкист мэргэжил эзэмшсэн Орос орондоо та олон улсын танкчдын ур чадварыг шалгадаг "Армий игры" цэргийн наадамд нэлээд хэд оролцсон байх аа?

      -2017 онд Монголын танкийн холбооноос зохион байгуулсан “Танкийн биатлон” тэмцээнд анх ангиа төлөөлж оролцоод мөнгөн медаль хүртсэний дараа Монгол Улсаа, Зэвсэгт хүчнээ төлөөлөн олон улсын “Танкийн биатлон” тэмцээнд оролцох болсоныг дуулгасан. Анх нөөц экипажаар оролцохдоо үндсэн экипажад асуудал гарч, хоёр дахь тойргоос гэнэт команд авч давхисаар барианд ороод үүргээ амжилттай биелүүлсэн үнэлгээ авч дараа жилээс нь үндсэн экипажаар ордог болсон. Монголын баг “Танкийн биатлон”-д 2014 оноос, миний хувьд 2017 оноос хойш тасралтгүй оролцож байна даа.

Энэ хооронд таны гаргасан амжилт хийгээд алдарт “Улаан танк”-ныхаа талаар яриач.

    -Миний хувьд бахархмаар бардам амжилт үзүүлсэн жил бол 2019 оны “Танкийн биатлон” байлаа. Тэр жил дэлхийн 25 орны 500 гаруй танкчин өрсөлдсөн. Тухайн үедээ ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга байсан, өдгөө Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан манай танкчид чансаагаараа нэгдүгээр хэсэгт эрэмбэлэгдэж, ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан зэрэг 11 орны баг тамирчидтай өрсөлдсөн. Манай баг шодож, улаан танк сугалсан. Ер нь улаан өнгө манай танкчдын хувьд их ивээлтэй өнгө гэгдэж, хүч чадлыг билэгдэж, амжилтаа ахиулсаар ирсэн. Алдарт улаан танкаа сугалаад төрийн соёмбоо цоолборлоод, Хамрын хийдээс аравнайлуулж очсон хадгаа буундаа уяад, арцаар нэг сайхан ариулж аваад л замд гарсан даа. Мөн “Танк нь хурдан, буу нь цэцэн байг ээ” гэж танктай “ярилцсан”. Тэгээд тэмцээний эхний үе болох ганцаарчилсан төрөлд өрсөлдөгч баг тамирчдаа тэргүүлэн 23 мин 57 сек-дын амжилттайгаар барианд орж түрүүлсэн. Эргээд харахад эзэмшсэн мэргэжлээрээ олон улсын танкийн тэмцээнд оролцсон минь бахархмаар санагддаг. Одоо Монголын “Танкийн биатлон” тэмцээнд ангийнхаа экипажийг дасгалжуулан оролцуулж, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

Танкист болсон нь сэтгэлийн дуудлага байжээ, тэгвэл. Цэргийн хүний цэгц хувь тавиланг сонгоход өөр юу нөлөөлсөн бол?

      -БХЯ-ны Нууцын даргаар олон жил ажилласан миний авга ах дэд хурандаа Д.Гүнчин, Хилийн цэрэгт хорь гаруй жил алба хаасан нагац ах ахмад Ц.Жамбалгарав нар маань миний сонголтод нөлөөлсөн. Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдөн ажиллаж, амьдралынхаа нэгээхэн том орон зай болгож чадсан нь миний бахархал юм даа.

Ажил төрөл, амжилтаараа өнгөлж яваагийн тань бас нэгэн нууц нь өнөр өтгөн сайхан гэр бүл тань байх гэж бодлоо ...

    -Манайх ам бүл зургуулаа наран ургах Дорнод аймагтаа амьдарч байна. Ханьтайгаа амьдарлаа холбоод 18 жил болж байна. Төрийн банкны Дорнод салбарын борлуулалт үйлчилгээний мэргэжилтнээр ажилладаг Баттөрийн Эрдэнэсувд гэж сайхан бүсгүй бий. Том хүү Оргил 16, удаах охин Сондор 12, хүү Оргилбаяр 6 настай, энэ жил сургуулийн алтан босгыг давж 1 дүгээр ангид элсэн орсон. Отгон хүү Энх-Эрдэнэ маань 1 нас 8 сартай, өнөр өтгөн сайхан л амьдарч байна. Гэр дүүрэн бужигнаан, инээх, түжигнэхтэй зэрэгцэн амьдардаг хөршүүд маань халширдаг байх даа. (инээв) Хүүхдүүд маань өөр өөрийн сонирхлыг дагах байх. Харин хөвгүүдээ эр хүн болж төрснийх цэргийн албыг бол хаалгана л гэж боддог. Амьдралын минь үнэ цэн, утга учир болсон гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө бүхнийг зориулна. Сонгосон ажил, мэргэжилдээ амжилт гаргаж яваа минь гэр бүл, аав ээжийн ач гавьяа гэж боддог.

Энхийг сахиулах ажиллагааны зам мөр, амжилтын талаар ч дурдахгүй өнгөрч боломгүй нь...

      -Цэргийн алба хаагчийн хувьд НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд гурван удаа үүрэг гүйцэтгэсэн маань бас хувь тавилан юм даа. 2012 онд Хойд Судан Улсын Дарфур мужид НҮБ-ын мандаттай UNAMID ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн II шатны эмнэлгийн III ээлжээр буудагч, 2015 онд БНӨСУ-д Монгол Улсын цэргийн багийн V ээлжинд хуягт тээвэрлэгчийн жолооч, 2018 онд Исламын бүгд найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны VIII ээлжээр буудагчаар тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Ажиллагааны газар оронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө “Энхийн төлөө” медаль гардаж байсан, цэргийн ёслолын жагсаалд омогшин огшиж зогссон сайхан дурсамж олон бий.

Эх сурвалж: "Соёмбо" редакц,Д.ГҮНЖИЛМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116