Жил бүр зохион байгуулагддаг Хуурай замын цэргийн командлагч нарын олон улсын чуулга уулзалт энэ жил Австрали Улсын Мелборни хотод 2024 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн 26 орны Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч болон орлогч нар цугласан энэхүү чуулга уулзалтад Австралийн Хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Саймон Стуартийн урилгаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр оролцоод ирлээ.
Энэ удаагийн чуулга уулзалт "Хүн төрөлхтөнтэй тулгараад буй дайн" гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан ба ирээдүйд үүсэж болзошгүй аюул заналхийллээс хэрхэн сэргийлэх, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шинээр үүсэж буй зэвсэг, техникүүдтэй уялдуулан хэрхэн хангах тухай хэлэлцүүлэв. Мөн батлан хамгаалах салбарт гарч байгаа шинэ бүтээл, инновациудыг дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний удирдлагуудад танилцуулснаараа онцлог байв.
Чуулганы үеэр батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниуд техник, тоног төхөөрөмж, шинэ технологийн үзэсгэлэнгийн арга хэмжээг мөн зохион байгуулсан. Чуулга уулзалтын төгсгөлд хурандаа Ц.Буяндэлгэр Австралийн Хуурай замын цэргийн орлогч дарга хошууч генерал Крис Смиттэй хоёр орны Хуурай замын цэргийн командлалуудын харилцаа, хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Түүнчлэн чуулганд оролцогсдод зориулсан соёлын арга хэмжээний хүрээнд Австралийн Хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Саймон Стуарт нөхөрсөг өдөрлөг зохион байгуулж, Австралийн хөл бөмбөг, түүний хөгжлийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ