• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“НАМАР НАМРЫН ЦАГТ УРГАЦ ХУРААДАГ ДАЙЧДАДАА БАЯРЛАЛАА”
Нийтэлсэн: 2024-09-24 17:16:51
Үзсэн: 244

“НАМАР НАМРЫН ЦАГТ УРГАЦ ХУРААДАГ ДАЙЧДАДАА БАЯРЛАЛАА”
Нийтэлсэн: 2024-09-24 17:16:51 Үзсэн: 244



    Намрын ургац хураалтад дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ЗХЖШ-ын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиас 1-3 томилолтын бүлэг тариалангийн бүс нутагт ажиллаж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан. Дэд хурандаа Г.Мөнхдөл, ахмад М.Энхпүрэв, ахлах дэслэгч Ө.Баасан-Очир нарын гурван офицероор ахлуулсан бүлгүүд Төв аймгийн Жаргалант сумаа тойроод ургах нарантай уралдан ажиллаж байна. Тэдний ажиллаж байгаа тариалангийн талбай уул уулын энгэрт учир харьцангуй дулаан тогтуун, ургац ч арвин ажээ.

    Дайчдын сэтгэгдлийг сонсоход олонх нь ургац хураалтад анх удаа оролцож байгаа, ангийнхаа тогооч нартай яваа учир хоол амттай, өлсөж цангаагүй, завгүй бөгөөд дурсамжтай нэгэн үеийг хамтдаа өнгөрөөж, нөхөрлөлөө улам бататгаж байна гэцгээв. Бас тэд хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Монгол Улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуульд оролцсоноо бахархан ярьцгааж, буудлага хийх нь хамгийн гоё агшин байсан, тэр тэр бүр мэргэн оносон хэмээн нэгнээ ам уралдан магтаж байсан юм.

    Дорноговь аймгаасаа хугацаат цэргийн албанд татагдсан байлдагч Х.Анхбаяр, А.Эрдэнэсайхан, Н.Угтахжаргал нар Сэлэнгэ аймагт анх удаа ирсэн, говь нутгаас их өөр юм байна гэж нутаг орны тухай хуучилж байсан бол Улаанбаатар хотоос татагдсан байлдагч П.Төгөлдөр, Б.Мянганбаяр, Г.Алтангэрэл, Дархан-Уул аймгийн харьяат байлдагч Ц.Насанбат нар цэргийн албанаас олон чухал чанарыг өөрийн болгож чадсандаа баяртай буйгаа ярилаа. Байлдагч Г.Алтангэрэл бүжгийн спортоор хичээллэдэг, олон улсын болоод улсын тэмцээн уралдаанд манлайлж яваа бүжигчин залуу ажээ. Тэрээр онжавууддаа ч бүжгийн хөдөлгөөн заасан ба “Бүжиг гэдэг том соёл, энэ соёлыг хүн бүр аль болох суралцах хэрэгтэй” гэлээ.

    Бидний зорьж очсон дараагийн бүлэг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хошууч Р.Ням-Эрдэнэ, хошууч Н.Мөнхболд нараар ахлуулсан хугацаат цэргийн алба хаагчид байв. Нэг нь Төв аймгийн Сүмбэр, нөгөө нь Төв аймгийн Борнуур суманд төвхнөжээ. Ангийн байрлалаас 800 гаруй км зам туулж ирсэн тэд Зэвсэгт хүчинтэй хэзээнээсээ хамтарч ажилладаг “Эможи”, “Ар гүнт” гэдэг аж ахуй нэгжүүдийн тариалан талбайд ажиллаж байна.

   Газар тариалан эрхлэгчид мөн л цэргийн алба хаагчдадаа баярлаж буйгаа илэрхийлж, дулаан хувцас, хэрэгцээтэй эм тариагаар тогтмол хангаж, гэрээнд заагдсан үүргүүдээ мадаггүй биелүүлж буйгаа илэрхийлж байлаа. Тэдний ярих дуртай нэг сэдэв нь Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль байсан бөгөөд олон сумаар шүршиж, байлдагч гэдгийг бүрэн ухааруулсан цаг хугацаа байсан гэнэ.

     Дэд түрүүч Л.Пүрэвдорж тэрхүү хээрийн сургуульд оролцсоноор олон зүйлээс суралцаж чадваржсан гэж хариулсан бол байлдагч Э.Бямба-Очир “Харин би оролцож чадаагүй. Оролцох түрүүч, байлдагч нарын дунд миний нэр байгаагүй. Манай оролцсон хэд үнэхээр гоё байснаа яриад л байдаг юм. Надад оролцож чадаагүйдээ жаахан харамссан шүү” гэж байна. Тэрээр цэрэгт татагдахаас өмнө гагнуур хийдэг байсан, халагдаад их сургуульд суралцах уу эсвэл мэргэжлээрээ ажиллах уу гэдгээ аав, ээжээсээ асууж байгаад шийдвэрлэнэ гэнэ. Ургац хураалтад байгаа дайчидтайгаа хөөрөлдөж суухдаа нэг зүйл анзаарагдсан нь айлын том эсвэл ганц хөвгүүд тэдний дунд олон байв. Энэ нь гэр бүлдээ та үүрэг хариуцлагатай байх ёстой гэсэн аавын захиас, ээжийн зөвлөгөө тэднийг цэргийн албыг зорин ирэхэд нь тусалжээ.

    Түрүүч Т.Болорхүү, дэд түрүүч С.Бямбацэрэн, Э.Өлзийбат, П.Сүмни, Б.Өсөхбаяр, Ч.Хүслэн, байлдагч О.Дашням, С.Тэмүүлэн нар ч гэсэн эр хүн болж төрсөн эрхэм үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хааж байгаадаа баяртай буйгаа дурсаж, ургац хураалт гээд ядраад байгаа зүйлгүй, бороотой үед нь амардаг, оройдоо баг багаараа волейбол тоглодог гэж байна.

     Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна удахгүй ахлагчийн эгнээнд нэгдэх Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн суралцагч түрүүч, байлдагч нар Сэлэнгэ аймгийн Орхон суманд ХЗЦК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн тасгийн дарга, ахлах офицер хурандаа Г.Отгонбаярын удирдлагад ургац хураалтын ажилд томилогдсонтой холбогдуулан зорин очив. Залуус мөн л тариалангийн талбайдаа гарчихсан ид ажлын завгүй үетэй таарлаа. Нүүрний эгнээнд төмс түүж яваа залуусын нэг цэргийн гэрээт алба хаагч, байлдагч Ц.Өсөхбаяр (327) 2022-2023 онд хугацаат цэргийн албаа хаасан, үргэлжлүүлээд цэргийн гэрээт албанд элссэн, удахгүй ахлагчийн эгнээнд нэгдэх болсноо хамгийн эхэнд онцлов. Тэрээр Дорнодын Баяндун сумынх, дэд ахлагч хэмээх эрхэм цолоо зүүчхээд ангидаа үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

      Байлдагч Х.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ (336), байлдагч А.Тэмүүжин, Т.Анхбаяр (013), байлдагч Т.Өсөхбаяр (339) нар хугацаат цэргийн албанаас авсан хүсэл мөрөөдлөөрөө ахлагчийн эгнээнд элсэхээр шийдвэрлэсэн, ямар ч үед үнэнч шударга байж, цэргээ хайрладаг, даргаа дэмждэг ахлагч болно гэж хариуллаа. Ургац хураалтад хамгийн их үүрэгтэй бөгөөд ажлын ачаалал өндөр алба хаагчид дайчдынхаа өдөр тутмын ажлыг чиглүүлэх ахлагч нар болон тогооч нар байна.

    Сургагч ахлагч О.Төгсбаяр (ХЦЗК) хариуцсан дайчидтайгаа дараагийн га талбай руугаа нүүхээр ачаа бараагаа баглаж, тогооч, дэд ахлагч Э.Уламбаяр (186) нүүдлээс урьдан дайчдынхаа өдрийн хоолыг нь идүүлэхээр тун завгүй байв. Тэд хоёулаа 7 дугаар сараас эхлэн суралцагч нартайгаа хамт яваа бөгөөд гар нийлэмжтэй залуус гэдэг нь андашгүй байлаа.

      Дэд ахлагч Э.Уламбаярын хувьд мөн л хугацаат цэрэг, цэргийн гэрээт албаар дамжиж дэд ахлагч болсон, ургац хураалтад 6 дахь жилдээ оролцож байгаа туршлагатай аж.

    Хурандаа Г.Отгонбаярын томилолтын бүлэгт ахлах ахлагч Ч.Мөнгөншагай (016), тогооч М.Лхам-Эрдэнэ, бэлтгэгч Л.Бүрэнтөгс, М.Анужин (119), сувилагч Ч.Цолмон (326) нар байв. Ч.Цолмон эгчийн хувьд энгийнээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цөөхөн хүний нэг гэнэ.

   Зэвсэгт хүчинд 24, Зэвсэгт хүчний 326 дугаар ангидаа 22 дахь жилдээ алба хааж байгаа, ойрын өдрүүдэд намрын сэрүү унасан учраас хүүхдүүдээ ханиад хүргэхээс сэргийлж тогтмол үзлэг хийж, зөвлөгөө хүргэдэг гэж байна. “Миний хүү” гэж байлдагч, түрүүч бүрээ дуудаж, ханиаж байсан нь зүгээр болчхож, гараа сайн угаарай гээд таарсан бүртэйгээ дотночлон ярилцдаг эмэгтэй байлаа.

     Тэдэнтэй нэг их холгүйгээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дэслэгч П.Золжаргалаар ахлуулсан 40 орчим хугацаат цэргийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Орхон сумандаа “Орхон түшиг ургац” компанийн талбайд ажиллаж байна. Тэдний хувьд газар тариалан эрхлэгчийн бэлтгэсэн дулаан байранд байрлаж, хоол унд нь хангалуун, санаа зовоох зүйлгүй гэнэ. Дэслэгч П.Золжаргал шалган туслах ажлын хэсгийн удирдлагуудад томилогдон ирснээс хойших хугацаанд гүйцэтгэсэн ажил, дайчдынхаа талаар илтгэж, хүнсний ногоо дотроо сонгино нэлээдгүй ажиллагаатай байдгийг сонирхуулж байв. Хураахын өмнө хатаана, хураачхаад сэнсдэж соортлоно, шуудайлж амыг нь бөхөлнө, тээвэрлэхэд бэлэн болгож ачна гээд дараалал ихтэй байна. Байлдагч Н.Эрдэнэ-Очир, Б.Маньбаяр, Э.Билгүүндаваа нар бусад нөхдөө төлөөлж ярилцлага өгсөн ба мөн л сэтгэл санаа өөдрөг, халагдах дөхөөд онжавууддаа хоргодох мэдрэмж дүүрэн байгаагаа ч хуучиллаа.

    Ийнхүү томилолтын бүлэг бүлгийн хооронд фургонтойгоо шороо манарган давхиж явахдаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнхтэй хээрийн замд таарав. Тэрээр цэргүүдээ эргэхээр давхиж яваа нь тэр ажээ. Зүгээр ч үгүй шаардлагатай эм тариа, чихэр жимс, амттаныг машиныхаа ард аччихсан, хүүхдүүддээ өгнө гэж байна. Бас тэгээд манай залуустай ойрхон байрласан хурандаа Г.Отгонбаяртайгаа очиж уулзаад мордоно. Намайг ирээд явлаа гэвэл ирсэнгүй гээд гомдох байх гэж инээчхээд давхиж одов.

     Бидний дараагийн зорьж очсон бүлэг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 120, 256, 167 дугаар ангийнхан. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дайчид анги нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байгаатай холбогдуулан баяртаа оролцохоор ангийн байрлалыг зорихоор болжээ. Тэнд дайчдаасаа дутахгүй нас залуу хэдий ч ирээдүйд их юм дуулгах хариуцлага өндөр дэслэгч нар байсан нь Б.Баттөгс, Б.Насанжаргал. 2022, 2023 оны ҮБХИС-ийн ЦНДС-ийг дүүргэсэн, сонсогч байхдаа намар намрын цагт ургац хураалтад гарсан, энэ удаа түрүүч, байлдагч нараа удирдан чиглүүлж, цэргийн даргын үүргээ гүйцэтгэж яваа залуус ажээ.

      Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэслэгч Б.Барсболдоор ахлуулсан бүлгийн хувьд бусдаасаа нэлээд зайтай Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд байна. Цаанаасаа бэлтгэсэн дулаан байртай, тогооч нь компаниасаа гэнэ. Нэгтгэлд Төв аймгийн Батсүмбэр сумаас 4 ихэр татагдан ирсэн бөгөөд тэдний нэг байлдагч Б.Тэлмэнбаяр, Б.Цолмонбаяр болон нөгөө ихрийн нэг Ц.Шинэхүү нар тариалангийн талбайд инээд хөөртэй гүйж явна.

     Ажлын хэсгийнхэн хээр хөдөө олон хоног өдөр байгаа дайчдадаа Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сониныхоо шинэ дугааруудыг өгч явсан бөгөөд нэгтгэлийн дайчдаас байлдагч Э.Хувьзаяа тэдгээр сонины хуудсуудыг шимтэн шимтэн уншиж байсан нь түүний эгч Г.Алтанцэцэг тус сонинд ажилладагтай холбоотой. Эгчийнхээ хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бүтэж яваа сонин түүнд хамгийн том бэлэг байсан нь энэ зураглалаас тодхон харагдаж байсан юм.

      Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургагч ахлагч Ч.Баттулга, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Энхмэнд нарын залуус дайчдаа аваад мөн л нүүдэл хийж байхтай нь таарав. Гэрээлэгч аж ахуйн нэгжийн дараагийн талбай руу буурь сэлгэж яваа нь тэр.

    Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дайчдын талаар “Эрдэс агро” компанийн захирал М.Баасандулам ярихдаа “Эгч нь 1996 оноос газар тариалан эрхэлж байна. Гурван үеийн агрономич. Зэвсэгт хүчинтэйгээ 25 жил хамтран ажиллаж байна. Манай байгууллагад өмнө нь ургац хураалтад оролцсон цэргүүд ажилд орох нь элбэг. Зарим нь бүр тусдаа газар тариалан эрхлээд том том машин уначихсан давхиж яваа. Газар тариалан гэдэг ийм л ач буянтай. Зэвсэгт хүчний дайчдадаа үргэлж талархаж явдаг” гээд түрүүч, байлдагч нартаа зориулаад зөөврийн вагончик авсан. Цас бороотойд жиндэхгүй, дулаахан, нүүдэл хийхэд ч амар байдаг гэнэ. Тэрээр бас цэргүүдийг урамшуулах ажлыг тогтмол зохион байгуулж, ээж шиг нь, эмээ шиг нь халамжилдаг гэдгээ ч илэрхийлж байв.

      Хамгийн төгсгөлд онцлох томилолтын бүлэг нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дайчид. Биднийг зорин очиход артиллерчин дайчид байцаа савлаж, тээвэрлэж байв. Байцаа өглөөдөө навчин дээрээ ус хуруулчихдаг, тэгээд хураах явцад дайчдын гутал норж, даарах эрсдэлтэй байдаг учраас гэрээлэгч байгууллагаас усны гутлаар зориуд хангуулсан гэдгээ бүлэг ахалж яваа ахмад П.Алтангэрэл хэлж байсан юм. Байлдагч Г.Хурцбаяр, Э.Төрмөнх Б.Рэнцэндорж нар “Цэргийн алба өөртөө дүгнэлт хийж, ирээдүйд яах ёстой гэдгээ ухааруулсан амьдралын сургууль байлаа. Цэргийн албанаас сурсан бүхэн минь эрдэм. Халагдаад аав, ээждээ сэтгэл бардам очиж илтгэнэ” гэсэн юм.

      Тариалангийн бүс нутагт ийнхүү ургац арвин, залуус урамтай, ажил ундарч байна. Яг одоо ч гэсэн тэд шуудайгаа бариад тариалангийн талбайдаа гүйж яваа. Намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрч яваа цэргийнхэнд тариалан эрхлэгчид төдийгүй Монгол Улсын төр, засгийн удирдлагууд ч талархал илэрхийлсээр байна. Эх орныхоо хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүнээр ард түмнээ хангахад цэргийнхэн онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ билээ.

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 114