Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудаа командлалын байрлалд угтан авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Ахмадуудаа автобусаар тусгайлан авчрахаас эхлээд чөлөөт уулзалт ярилцлага, Хуурай замын цэргийн 2024 оны онцлох ажлын танилцуулга, урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоог, бэлэг дурсгал гэж өргөн хэмжээнд зохион байгуулав.
Уригдан ирсэн хүндэт зочдын дунд хамгийн ахмад нь Зэвсэгт хүчиндээ төрийн хүндэт харуулын анхны цэрэг гэдгээрээ алдартай чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатар бол хамгийн залуу нь тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтэст мэдээлэл, соёл хүмүүжлийн офицероор ажиллаж байгаад 2021 онд цэргийн тэтгэвэртээ гарсан бэлтгэл дэд хурандаа Б.Золзаяа байв.
Хүндэт зочдыг Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр тэргүүтэй удирдлагууд угтан авч, Хуурай замын цэргийн командлагчийн мэндчилгээг уламжилж, Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа дэлхийн орнуудын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулиудын онцлог, ач холбогдлыг тодотгож, бэлтгэл сургалт, бэлэн байдлаа хэрхэн дээшлүүлж байгаа талаар танилцуулга хийж, ахмадуудынхаа санал хүсэлт, зөвлөгөө шүүмжийг нь сонсов.
Энэ үеэр чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатар хүрэлцэн ирсэн зочдод “Миний анхны нэр Чантуу, та нар мэдэх билүү” хэмээн яриа дэлгэж, түүхийн хүнд цаг үед аав минь их хэлмэгдүүлэлтэд өртөж, би Тавхай гэдэг айлд өргөгдөж, Баатар нэртэй болсон. Миний аав Тавхай хэдий өргөж авсан ч бурхан шиг эцэг хүн байсан” хэмээн хуучнаа дурсаж, уржигдархан ЗХЖШ-ын ахмадуудын арга хэмжээнд очлоо, хуучны нөхдөө хараад сэтгэл сэргэж, нүд цэлмэв. Өнөөдөр ч ялгаагүй өндөр настан биднийг ингэж хүндэтгэлтэй угтаж авч байгаад талархаж байна гээд энэ сарын 06-ны өдөр болох Зэвсэгт хүчний 032 дугаар түүхт ойн баярт ёслол албаныхаа хувцастайгаа очихоор бэлтгэж буйгаа ч сонирхууллаа. Буурал дарга бас хөгжөөнч зангаараа тэр ойд би л очихгүй бол өөр хэн гэж хэмээн инээмсэглэж, Хуурай замын цэрэг хэмээх их айл сүүлийн жилүүдэд хүчирхэгжиж, өнгө төрх нь тодорч байгаад баяртай байна гэв.
Зочдын дунд бичиг хэрэг, архиваар мэргэшиж, Зэвсэгт хүчинд үнэтэй капитал нь болсон бэлтгэлд байгаа хошууч С.Намжилсүрэн “Ахмадуудын арга хэмжээнд ирж баймаар юм байна. Ахмадуудынхаа дунд залуу гээд санаа зовоод байдаг юм. Хуучнаа дурсаж, нэгэн өдрийг хайртай албаныхаа төлөө ярилцаж суух нь жаргал юм байна” хэмээсэн бол Хуурай замын цэргийн командлалыг орон нутагт шилжин байрлан төвхнөж, өнөөдрийн өнгө төрхөө олоход асар үүрэгтэй ажилласан бэлтгэлд байгаа хурандаа О.Эрдэнэбаатар, Л.Ганбаатар нар Хуурай замын цэргийн үйл ажиллагаанд сэтгэгдэл өндөр буйгаа ярилаа.
Энэ өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн авьяаслаг алба хаагчид урлагийн тоглолт өргөн барьж, баяр дээр баяр нэмлээ.