
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд нэгэн хүндтэй зочид ирсэн нь хууль болон урлаг, сэтгүүл зүйн ахмад зүтгэлтнүүд байв. Тэдний нэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Х.Цэвлээтэй энэ үеэр цөөн хором ярилцлаа.
-Та цэрэг дайчдынхаа тухай их сайхан нийтлэлүүд бичдэг. Зэвсэгт хүчин хэмээх энэ их айлын тухай Та ямар бодолтой байдаг вэ?
-Эр цэрэг байхгүй бол эх орон байхгүй. Эр цэрэг байхгүй бол тусгаар тогтнол байхгүй. Эр цэрэг байхгүй бол газар нутаг байхгүй. Эр цэрэг байхгүй бол эрх чөлөө байхгүй. Эр цэрэг байгаагүй бол та бид бүгдээрээ байхгүй. Цэрэг гэдэг Монгол хэмээх туурга тусгаар улсын гол зүрх нь, бүхний гол гогцоо нь гэж хэлмээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн амынхаа тоотой харьцуулахад харьцангуй цөөхөн ч гэсэн энэ уудам газар нутгийнхаа агаарын болон газрын орон зайг төдийгөөс өдий хүртлээ хамгаалж ирсэн гавьяатай. Газар нутаг, байгалийн баялгаараа дэлхийн орнуудын анхаарлын төвд оршдог ч гэсэн чадварлаг Зэвсэгт хүчнийхээ ачаар монголчууд бид айдасгүй, амар тайван амьдарч байгаа юм. Үнэхээр Зэвсэгт хүчнийхээ бүх дайчдад баярлалаа гэж хэлэх ч багадна. Эх оронч үзэл сэтгэлгээтэй бүх хүн ингэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бид чинь өөрийн сайндаа амьдраад байгаа биш. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн хэдэн бор цэргүүд эх орноо нүд завчилгүй хамгаалж байгаа учраас та бид унтаж, ажил хийж, боловсрол эзэмшиж, үр хүүхдээ өсгөж, ээж аавыгаа асарч байгаа юм шүү дээ. Ийм нэг үг байдаг даа. Таныг бүтэн нойртой хонуулахын тулд цэрэг дайчид манаанд зогсож л байна гэж. Энэ үнэн.
-Их сайхан тодорхойллоо, Та. Маргаашаас эхлээд улс орон даяар 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байна. Залуус Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ ухамсарлаж, цэргийн жинхэнэ алба хаах сонирхол жилээс жилд нэмэгдэж байна ...
-Цэргийн жинхэнэ алба гэдэг нь залуучуудын хувьд хийморь шүү дээ. Цэрэгт явсан хүн эр хүн болдог гэдэг нь хоосон үг биш. Эр хүн болж төрсөн л юм бол хугацаат цэргийн албаа эр хүн та заавал хаах ёстой. Цэргээр дамжаагүй эрийг ямар эр хүн гэдэг юм бэ, юу ч биш. Өвгөн би цэргээр дамжаагүй учраас өнөөдөр бие чилээрхүү л явна, яг үнэндээ.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би үзэгний өвчтэй хүн. Хэрэгтэй, хэрэггүй нь хамаагүй ямар нэгэн юм бичиж байхгүй л бол сууж чадахаа байсан. Энэ бол сонины сэтгүүлч хүний өвчин юм даа. Энэ өвчинг туссан болохоор 90 нас руу дөхөж байгаа ч үзэг, цаастайгаа өнөөх л залуу явсан шигээ ноцолдсоор байна. Олон бүтээлээс хамгийн гол ажил нь гэвэл “Ээж бид хоёр” нийтлэлээ нэмж сайжруулан монгол бичгээр болон англи, хятад хэл дээр орчуулан түгээхээр ажиллаж байна.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА