• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧИДТАЙ АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-16 09:32:03
Үзсэн: 161

ШИНЭ ДАЙЧИДТАЙ АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2024-10-16 09:32:03 Үзсэн: 161



          Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн Сургалтын төвд 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирэх шинэ дайчидтай ажиллах бүрэлдэхүүний мэргэжил, арга зүйн цугларалт 10 дугаар сарын 15-ны өдөр командлалын байрлалд явагдлаа. Цугларалтад Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн томилогдсон бүрэлдэхүүн танхимаар, орон нутаг дахь ангийн офицер, ахлагч цахимаар оролцов.

        Уулзалтын эхэнд нэгтгэл, ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нар шинэ дайчдаа хүлээж авах бэлтгэлийг хэрхэн хангасан талаар илтгэв. Цэргийн байр, сургалтын материаллаг баазын засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт, шинэ дайчидтай ажиллах офицер, ахлагчийг системтэйгээр бэлтгэсэн тухайгаа онцолж, Сургалтын төвүүд нь дайчдаа хүлээн авахад бэлэн болсныг тодотгов. Үүний дараа Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал нар үүрэг чиглэл өгөв.

       Хурандаа Ц.Буяндэлгэр шинэ дайчидтай хэрхэн ажиллах талаар ярихдаа баримтлах ёстой 3 зарчмыг дурдлаа. Энэ нь хүнлэг байх, мэдрэмжтэй байх, шинжлэх ухаанч байх зарчмууд байв. Хүнлэг гэдэг нь алба хаагч тэр дундаа дөнгөж татагдан ирсэн шинэ дайчидтай ажиллахдаа захирах захирагдах харилцаанаас гадна хүн хоорондын харилцааг эрхэмлэж, харилцаа хандлагадаа анхаарахыг захив. Шинжлэх ухаанч байхыг харин тухайн дайчдынхаа сэтгэл зүй, эрүүл мэндийг нь дүгнэж, биеийн хүчний сургалт бэлтгэлийг тодорхой шатлалтайгаар зохион байгуулах ёстой гэж тайлбарлав. Энэ нь өнөөгийн залуусын бие бялдрын чадавх, эрүүл мэнд, сэтгэл зүйн ялгаатай байдал, гар утасны хэт хамааралтай болсоныг нь тооцоолж, хөнгөнөөс хүнд, удаанаас хурд руу сургалт бэлтгэлээ чиглүүлэх шаардлагатай гэлээ.

         Мэдрэмжтэй байх нь дайчдынхаа зан чанар, тогтворгүй байдлыг нь мэдэрдэг, үнэлж дүгнэдэг, хариу арга хэмжээ авч чаддаг байх чадвар. Хүүгээ эргэх гээд ирсэн аав ээж байвал хүлээлгэхгүйгээр уулзуулж, шаардлагатай үед сургалт бэлтгэлтэй ч танилцуулж болно гэв. Мөн тэрээр Сургалтын төвүүдэд ажиллах сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудыг тодорхой хугацаанд энгийн хувцастай ажиллуулж, шинэ дайчдыг Сургалтын төвд очсоноос 1-2 хоногийн дараа ар гэрийнхэнтэй нь холбоо бариулахыг захиж, өнгөрсөн жилүүдэд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байхад бүх түвшинд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

        Харин бригадын генерал Ч.Цогтжаргал алба хаагчдын харилцаа хандлага, хугацаат цэргийн албаны зохион байгуулалт, ирээдүйд хийгдэх шаардлагатай өөрчлөлт шинэчлэл, ард иргэдэд нээлттэй байх зарчим, сургалт бэлтгэлийн талаар голчлон ярьж, төгсгөлд нь цугларалтад оролцогчдод үүрэг өгсөн юм. Тэр дундаа сургалтын хөтөлбөр, үе шатаа нэгтгэл, ангиуд өөрсдөө төлөвлө, тэр төлөвлөгөө нь хүн нэг бүрийн бэлэн байдал, бэлтгэл сургалтыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстойг онцоллоо. Мөн тэрээр Зэвсэгт хүчний ирээдүй та нарын гарт бий, өгөгдсөн үүргийг сайн гүйцэтгэх нь танд том туршлага болж үлдэнэ гээд харилцаа хандлага, төлөвлөлт зохион байгуулалт, ёс зүй, цагийн байдлыг үнэлэх чадварын тухай ярьж, Сургалтын төвд ажиллах офицер, ахлагч нарынхаа цаашдын ажил албанд нь өндөр амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113