• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИЛДЭГ 12 ДАЛАЙЧИНТАЙ ХАМТ ОЛНЫ ТОМИЛОЛТ ...
Нийтэлсэн: 2024-10-14 09:39:00
Үзсэн: 162

ШИЛДЭГ 12 ДАЛАЙЧИНТАЙ ХАМТ ОЛНЫ ТОМИЛОЛТ ...
Нийтэлсэн: 2024-10-14 09:39:00 Үзсэн: 162



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бүрэлдэхүүнийхээ гар нийлэмжтэй, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, харьяа нэгтгэл, ангийн алба хаагчдынхаа ажил үйлстэй танилцах, гүйцэтгэдэг үүрэг, мэргэжлийн онцлогоор нь бахархах үзлийг нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудад ажиллуулаад ирлээ. Ингэхдээ бүрэлдэхүүний гэр бүлийнхнийг урин оролцуулж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан юм.

   Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх хамт олныхоо сүүлийн жилүүдийн ололт амжилтуудыг дурдаж, үндсэн үүрэг гүйцэтгэлт болоод алба хаах орчин нөхцөлийг хэрхэн дээшлүүлж буйг олон бодит ажлуудаар харуулж, командлалын хамт олонд буудлагын зэвсгийн үзэсгэлэн дэлгэсэн байв.

   Харин Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан үндсэн үүрэг гүйцэтгэлт болох хөвүүр гүүрийг Сэлэнгэ мөрнөө хоёр хэлбэрээр дэлгэн үзүүлж, усчин дайчдын ур чадвараар гайхшируулав. Паромын гатлалт, десантын гатлалтыг ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, хошууч Г.Нэмэхбаяраар ахлуулсан усчин дайчид командлалын хамт олны алга ташилт дунд гарамгай гүйцэтгэж, ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяр сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах ажилд голлох үүрэгтэй оролцсоныг бахархалтайгаар өгүүлж байсан юм. Хөвсгөл нуурын бохирдлыг цэвэрлэх ажилд оролцсон нь олон талын ач холбогдолтой бөгөөд алба хаагчдын бэлэн байдлыг дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа бодитоор нэмэгдүүлсэн нь хамгийн чухал гэдгийг ч ангийн захирагч онцолж байв.

   Хамгийн сонирхолтой нь эр бяр, хүч тэнхээ шаардсан хөвүүр гүүрийг дэлгэх ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан нь командлалын хамт олны ажил-аяллын бахархалт яриа нь байлаа. Дэд ахлагч Б.Буянхишиг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид алба хаагаад 5 жил болж байгаа, 2023 оноос эхлэн гүүрчин аврагчаар үүрэг гүйцэтгэж байгаа, усчин дайчдын түүхэнд гүүр дэлгэхэд оролцож байгаа анхны эмэгтэй алба хаагч гэнэ. Түүнд гүүр дэлгэхэд хүнд санагддаггүй, гарт орчихсон, өөрөө ч тэгээд чөлөөт бөхөөр тогтмол хичээллэдэг нь үүргээ гүйцэтгэхэд тус нэмэр болдог байна. Чөлөөт бөхийн Азийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын тусгай байрын шагналт, өсвөрийн улсын аваргын хошой алтан медальтай цэргийн бүсгүй ажээ.

  Тус ангийнхан энэ жил алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэхээр авто зам, албаны орон сууцны их засвар, жагсаалын талбай, шалган нэвтрүүлэх байр гээд бүтээн байгуулалтыг бишгүй их өрнүүлсэн байв.

   Командлалынхан мөн ажил-аяллынхаа явцад бүрэлдэхүүний хамт олонч нөхөрсөг харилцааг бэхжүүлж, ажиллах урам зориг, эрч хүчийг нэмэгдүүлсэн спорт уралдаан тэмцээн, хөгжөөнт тоглоом явуулж, 12 шилдэг далайчныг тодрууллаа. Энэ нь усчин дайчдынхаа ажил үйлстэй танилцаж байгаатай холбогдуулан ажил-аяллыг зохион байгуулагчид шилдгүүдэд нь усан цэргийн малгай гардуулж, тэмцээнийг улам сонирхолтой болгожээ.

   12 төрлийн тэмцээн уралдаан явагдахад хурандаа Ц.Төрмөнх (186), дэд хурандаа Б.Гансүх, ахмад С.Эрхэмбаяр, дэслэгч Г.Сумъяабаяр, дэслэгч М.Бямбаравжих, дэд ахлагч Б.Дарханзул, ажилтан албан хаагч Ц.Нарантуяа, Л.Баянзул, Ц.Уламбаяр нар усан цэргийн малгайны эзэд болж, шилдгийн шилдэг хамт олноор хурандаа Д.Төмөрбат даргатай Захиргааны удирдлагын хэлтсийнхэн шалгарсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113