Хуурай замын цэргийн командлалын "Ахлагч хөгжлийн төв"-ийг түшиглэн зохион байгуулсан Ахлагч бэлтгэх сургалтыг амжилттай төгссөн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад дэд ахлагч цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд боллоо.
Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний үндэс суурь, гол цөм болсон ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулсан энэхүү сургалтад Зэвсэгт хүчний 23 нэгтгэл, ангийн 340 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хамрагдаж, амжилттай төгсөөд дэд ахлагч цол хүртэж, Зэвсэгт хүчнийхээ эгнээг ийнхүү өргөтгөж байна.
Уг ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, тэргүүн ахлагч Г.Баасан, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ нарын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах бүрэлдэхүүний төлөөлөл, Зэвсэгт хүчний 119 дүгээр захирагч дэд хурандаа Г.Дүнжингарав, Төв аймаг Алтанбулаг сумын засаг дарга Б.Батсуурь тэргүүтэй аймаг орон нутгийн хүндэт зочид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнд орж байгаа нийт төгсөгч ахлагч нартаа баяр хүргэж, амжилт хүсээд зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуучуудаараа бахархаж байгаа төдийгүй төрлийн цэргийн командлалуудыг хөгжүүлэхэд та бүхний гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг онцлон сануулсан юм.
Гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг сургалтаар цэргийн ерөнхий бэлтгэлийг бататгаж, мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээтэй төгсгөж байгаа бөгөөд жижиг бүлгийн тактикийн сургалтаар алба хаагч нэг бүрийнхээ бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллажээ.
Шинэхэн ахлагч нартаа мөрдэс нэгтнүүд нь баяр хүргэж, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьсан бол Тусгай хүчний цэргийн командлалын эгнээг өргөтгөж байгаа ахлагч залуус жагсаалын үзүүлэх тоглолтоо сонирхуулсан нь хурсан олны бахдлыг төрүүлж, алга ташилтаар мялаалгалаа.
Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН