Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эр цэргийн албаа үлгэр жишээчээр хааж ижилсэн дассан эх орны хөвгүүдээ Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болон "Халагдах цэргийн вальс-2024" хүндэтгэлийн арга хэмжээг тус тус зохион байгууллаа. Энэ өдөр зарим хугацаат цэргийн алба хаагчдаа ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч, дэд түрүүч, цол олгож, "Онц сурлагатан", "Онц буудагч", "Тамирчин дайчин" хүндэт тэмдэг, ангийн байлдааны дэлгээ тугийн дэргэд авхуулсан зураг, ангийн захирагчийн нэрэмжит шагналаар шагнасан юм.
Ангийн захирагч хурандаа Х.Энхболд “Монгол Улсын иргэн бүр эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүрэгтэй билээ. Дайчин замнал түүхтэй ангид алба хаах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ирсэн цаг хугацаа саяхан мэт санагдаж байна. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр цэргийн албанд шамдан боловсорч, цэргийн эрдэмд суралцсан та бүхнээр бид бахархаж байна. Сурлага, сахилгаараа үлгэр жишээ байж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эрхэм дайчдаар аав, ээж, ахан дүүс, нутгийн зон олон нь бахархаж, хүндэтгэлтэйгээр угтан авна гэдэг эргэлзэхгүй байна. Эрхэм дайчдыг ангийн Байлдааны туг өнө мөнхөд ивээж байх болтугай” гэсэн юм.
Дэслэгч П.МАНДАХЦЭЦЭГ