2024 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдан ирсэн шинэ дайчид сэтгэгдэл өндөр, албандаа урам зориг дүүрэн байна. Алдар түүхт их буучдын ангид алба хаахаар Баянхонгор, Хэнтий аймгаас татагдсан ирсэн шинэ дайчид болох Д.Дамцагдорж, Д.Сансархүү нарыг жагсаалын бэлтгэл хийгээд завгүй байхтай нь сэтгэгдлийг хуваалцав.
Тэд хоёул хөдөө мал маллаж байсан, хугацаат цэргийн албандаа өөрсдийн хүсэлтээр зорин ирсэн залуус байна. Д.Дамцагдорж Баянхонгор аймгийн Баянговь сумынх, эхээс гурвуулаа. Том ах Нарантэнгэр нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан, өдгөө дүү нь ахынхаа залгамжаар эр цэргийн албандаа ирээд байгаа нь энэ ажээ. Аав Д.Дамдин, ээж М.Сайнжаргал нартайгаа ангидаа ирсэн өдрөө л мэнд хүргэж, аль ангид хуваарилагдсанаа хэлсэн гэнэ. Аав нь “Олон аавын хөвгүүдтэй эв найрамдалтай, цэргийн даргын өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж, заасан бүхнийг нь сурахыг хичээгээрэй” гэж захиад халагдаж ирэхдээ цэргийн цолтой бөх болоод ирээрэй хүүдээ гэж ерөөжээ.
Харин шинэ дайчин Д.Сансархүү Хэнтий аймгийн Биндэр сумынх, 20 настай. Түүний хамгийн олзуурхаж байгаа зүйл нь аавынхаа алба хаасан Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хувь заяагаар дахин ирсэндээ баяртай байв. Чөлөөт бөх, самбо, жүдогоор хичээллэдэг спортлог тэрээр цэргийн албанаас “Батлан хамгаалах сэргэлтийн бодлого”-ын хүрээнд жолооны дамжаанд суралцаж, англи хэл эзэмшиж, нийгэмд хэрэгцээтэй мэргэжилтэй болохоор төлөвлөснөө ч илэрхийлж байлаа.
Ийм л инээмсэглэл дүүрэн шинэхэн дайчдын царайд цэргийн албаа нэр төртэй хаах итгэл дүүрэн байна. Эх орон эр цэргүүдээрээ бахархахын нэг шалтгаан үүнд бий...
Ахмад Д.БОЛОР