• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЦЭРГИЙН БҮХ ЗҮЙЛ ШИНЭ СОДОН САНАГДАЖ БАЙНА”
Нийтэлсэн: 2024-10-22 17:15:53
Үзсэн: 226

“ЦЭРГИЙН БҮХ ЗҮЙЛ ШИНЭ СОДОН САНАГДАЖ БАЙНА”
Нийтэлсэн: 2024-10-22 17:15:53 Үзсэн: 226





     Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан шинэ дайчдаа халуун дотноор угтан авч, цэргийн албаны онцлог, ач холбогдлын талаар яриа таниулга хийж, анги байгууллагынхаа дайчин замналын талаар мэдээлэл хүргэсээр байна. “Шинэ дайчдын булан” ажиллуулж, ар тал, хангалтыг зохион байгуулж, гэр бүлийнхэнтэй нь утсаар яриулж, бие биетэйгээ танилцах, алба салбараа ойлгох соёл хүмүүжлийн төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж байна. Эх орны дуудлагаар эр цэргийн албанд хүрэлцэн ирээд завгүй байгаа шинэ дайчдыг төлөөлж, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас татагдан ирсэн Гантулгын Балжинням, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас татагдан ирсэн Батбаярын Батхүү нар сэтгэгдлээ хуваалцав.

     Шинэхэн дайчин Б.Батхүү Түмэнцогт сумаасаа долуулаа иржээ. Ээж П.Сарангэрэл нь олон мянган хөвгүүдийн морддог энэ сайхан албанд явахыг нь зөвлөж, өөрөө ч дуртайяа хүрэлцэн ирсэн гэнэ. Ирсэн өдрөө өглөө эрт босох хэцүү байсан, одоо бол дассан гэж байна. Захны даавуу хадахаас эхлээд бүх зүйл цоо шинэ бөгөөд сурч мэдэх, өөртөө дадал болгох олон чухал чадварууд байгааг ч олж харсан гэнэ. Ангидаа хуваарилагдаж ирээд зургаа хонож байгаа, энэ хугацаанд Хэнтий аймгийн Оюунмандал, Дорнод аймгийн Мөрөн нартай найз болоод байгаа ажээ. Түүнд цэргийн албанд нэгэн мөрөөдөлтэй ирсэн нь ахлагч, офицерын аль нэг нь болно гэсэн зорилго. Үүний тулд өөрийгөө бүх талаас дайчилж, эр цэргийн албаа нэр төртэй хаахыг гол зорилгоо болгосон байна.
      Хэрлэн сумаас ирсэн Г.Балжиннямыг харин хугацаат цэргийн албанд мордоход хамгийн их нөлөөлсөн хүн түүний дүү Г.Билгүүн гэнэ. 2022 онд хугацаат цэргийн албаа хаагаад халагдсан дүү нь ахдаа айлын том хүүгийн хувиар энэ албаар дамжих ёстой гээд цэргийн албаны гэрэл гэгээг үргэлж бахдан ярьдаг нь том түлхэц болжээ. Шинэхэн дайчин Г.Балжинням Ерөнхий боловсролын сурагч байхдаа “Дөл” цэрэг спортын тэмцээнд оролцож байсан, сургуулиа төгсөөд харуул хамгаалалтын ажил хийж байсан учраас өөрийгөө хагас цэрэгжилттэй гэж тодотгоно лээ.
     Мэдээж цэргийн эрдэм мэдлэгээс гадна “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэлний мэдлэгтэй болохоор зорьжээ. Ярилцлагын төгсгөлд шинэ дайчин Б.Батхүү хайрт ээж П.Сарангэрэлдээ, түүний онжав Г.Балжинням аав М.Гантулга, ээж Н.Энхзаяа нартаа хайртай шүү гээд хүү нь сайн байгаа, хүсэж мөрөөдөж ирсэн сайхан албандаа алзахгүй ээ гэдгийг үүгээр дамжууллаа.


 

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 113