Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 256, 336 дугаар ангид 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн шинэ дайчид 10 дугаар сарын 30-ны өдөр сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу буудлагын анхны дасгалаа боловсруулж, онол, дадлагын мэдлэгээ бататгалаа.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн шинэ дайчдын анхны буудлагын явцтай ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий танилцаж, Сургуулийн төвийн бүрэлдэхүүнд аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарахыг захиж, байлдагч нарт зоригтой, шийдэмгий байж, дарга нарынхаа заасан зааврыг баримтлахыг онцлов. Энэ үеэр Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаныхан хээрийн байрлалд ажил үүргээ гүйцэтгэж, шинэ дайчдын урам зоригийг нь нэмэгдүүллээ.
Зэвсэгт хүчний 256, 336 дугаар ангийнхны шинэ дайчдын анхны буудлагаар мөн олон мэргэн буудагч нар тодрон гарчээ. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид Архангай аймгийн Жаргалант сумаас татагдан ирсэн байлдагч Лхагвадоржийн Сэрсэндэмид “Би эх орныхоо төлөө зүтгэх чин хүсэлтэй цэргийн албанд өөрийн хүсэлтээр ирсэн. Сая анхны буудлагаа хийлээ. Өөрийгөө эх орондоо хэрэгтэй хүн гэдгээ илүү мэдэрсэн гайхалтай мөч байлаа. Дараа дараагийн буудлагаараа илүү их хичээж мэргэн буудагч болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Түүний онжав Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат байлдагч Алтангэрэлийн Төр-Улс анх удаа буудаж үзэж байна, сэтгэл үнэхээр их хөдөллөө. Хэдий манай сэтгэл зүйн офицер сэтгэл хөдлөл, айдас, сандарлаа сайн дарж байж, мэргэн буудна гэж хэлсэн ч яг буудах мөчид нэлээдгүй сандарсан. Буудаад дуусахад салааны захирагч маань маш сайн буудлаа гэж хэлэхийг нь сонсоход урамтай байлаа гэв. Энэ үед ангийн захирагчийн тушаалаар томилогдсон офицер, ахлагчийн бүрэлдэхүүн бүх төрлийн аюулгүй ажиллагааг хангаж, хээрийн хоололтыг зохион байгуулсан байна.