
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өөр албан тушаалд шилжин томилогдсонтой холбогдуулан тус Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаярыг томилсон билээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын ажил, тамга хүлээлцэх ёслолын ажиллагаа энэ сарын 27-ны өдөр болсон бөгөөд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь Цэргийн штаб байдаг юм. Эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулах нь ямар их үнэ цэнтэй вэ хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил. Ялангуяа, улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч буй нийслэлийн маань аюулгүй байдлыг хангахад иргэн бүрийн оролцоо онцгой чухал юм. Нийслэлийн удирдлагууд бидний хувьд батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч уламжлалаа улам бататган, алба хаагчдынх нь нийгмийн асуудлыг хамтран шийдэх болно” гээд хурандаа Ц.Анхбаярт өндөр амжилт хүссэн юм.
Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн ба цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн жинхэнэ албанд явсан оюутан залуус олон байсныг онцолж байсан юм. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг хэрэгжүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд нийслэл, дүүргүүдийн Цэргийн штаб ихээхэн анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарт эрх зүйн шинэчлэлийн он жил байлаа. Одоо харин хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс эхлээд олон ажил, арга хэмжээ зохион байгуулах үүрэг хариуцлага ихтэй он жилүүд эхэлж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Тиймээс тухайн ажлуудыг эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэсэн юм.