Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүн “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийг тохиолдуулан 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд баярын хурал, спортын уралдаан тэмцээн, сайн үйлсийн аяныг зохион байгуулж явууллаа.
Нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр хурлыг нээж баяр хүргэсний дараа цэргийн ухааны доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг “Харилцааны ур чадварт суралцахуй” сэдвээр, сургагч ахлагч Д.Чулуунсүх “Ахлагчийн албаны үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Баярын хурлын төгсгөлд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан зарим ахлагч нарыг шагнаж урамшууллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд танкийн батальоны механик жолооч, ахлах ахлагч Н.Нарангэрэлийн хүүхдийн эмчилгээнд дэмжлэг үзүүлж мөнгөн тусламж үзүүллээ.
Мөн нэгтгэлийн бие бүрэлдэхүүний дунд нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг хангах, хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн болон “АХА” тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Хошууч П.ДЭЛГЭРМАА