Батлан хамгаалахын сайдын тушаалаар 11 дүгээр сарын 09-ний өдрийг "Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр" болгон зарлаж, 2023 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн билээ.
Тэмдэглэлт өдрийг угтаж Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүн үе шаттай цогцолбор тэмцээн, сайн үйлсийн аян болон баярын хурлыг зохион байгууллаа. Тухайлбал, 11 дүгээр сарын 06-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг "Цусаа хандивлая" аяныг өрнүүлж, 280 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн бол 11 дүгээр сарын 07-ны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд "Буухиа" болон волейболын тэмцээнийг зохион байгуулж, авхаалж, самбаа, хурд хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
"Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-ийн хурлын үйл ажиллагааг энэ сарын 08-ны өдөр зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын захирагч, дарга нар хүндэт зочноор уригдан оролцсон юм.
Хурлын үйл ажиллагааг нээж Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Х.Лхагвадорж баяр хүргэж, ахлагчийн алба нь өнө эртнээс түүхэн улбаатай бөгөөд Монгол цэргийн олон шилдэг удирдагч нарын анхны гараа, цэргийн даргын сайн итгэлт нөхөр, түшиг тулгуур нь болж ирснийг онцлон тэмдэглэж нийт ахлагч нарын бүрэлдэхүүндээ ажилд нь амжилд амьдрал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дэнээдорж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн цөмийг бүрдүүлэн ажиллаж байгаа ахлагчийн бүрэлдэхүүний хөгжил, нийгмийн асуудлыг нь хууль эрх зүйн хүрээнд нөөц боломждоо тулгуурлан бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Үүнээс гадна ажил үйлсээрээ, хамт олноо манлайлан ажилласан зарим ахлагч нарыг аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшуулсан ба Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн тушаалаар ахлагч Г.Рейзабек албан тушаалын зэрэглэлийн ахлах ахлагч цол, дэд ахлагч Т.Буяннэмэх, А.Даваанэмэхбаяр нар алба тушаалын зэрэглэлийн ахлагч цол тус тус олгогдлоо. Хуралд оролцогчдод тэргүүн ахлагч С.Цэнгэл "Ахлагчийн албаны өнөө ба ирээдүй", Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Х.Уянга "Монгол хүн байхын утга учир" сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Мөн тэмдэглэлт өдрийн хүрээнд "Ахлагчийн алба-Миний бахархал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, "Миний хобби" үзэсгэлэн дэлгэгдэж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн мэлмийг баясгасан билээ.
Ахлагчийн нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 148 дугаар салбарын харуулчин, ахлагч Энхбаяр овогтой Хатанбаатарт өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Үйл ажиллагааны төгсгөлд Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр болон цэргийн хүрээний ахлагч нарын урлагийн хэсэгчилсэн тоглолт боллоо.
Ахлах дэслэгч Б.БАТЗАЯА