ТУУЛ ГОЛЫН ХӨВӨӨН ДЭХ ТУЛГАТАЙХАН ЦЭРГИЙН АНГИ
Сонгино цэргийн хүрээ. БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар анги. “Артиллерийн тусгай хороо” хэмээх сүрдэм алдартай эл ангийн өндөр босгоор алхан ороход “Артиллери дайны бурхан” гэсэн содон үгс энхийн цагт танил бус боловч эрэмгий эрсийн зоригийг бадрааж урмыг нэмэн байх шиг харагдана.
Олон аавын хөвгүүдийн хүчирхэг хоолой цуурайтах жагсаалын талбайн хойморт алтан соёмбот Төрийн далбаа мандах агшин хэчнээн омогшим бахархалтай байдгийг цэргийн алба хаасан хүн бүр дуу нэгтэй хэлэх байх даа гэсэн бодол хөврөх агшинд. Уйдах ч завгүй цэргийн амьдралын нэгэн шинэ өглөө эхлэв.
Дүнсийн бараантах бүрэг тэнгэрийн өтгөн үүлс тал тал тийш яаран нүүж нарны дулаан илчээрээ эх орны хөвгүүдээ ээн ивээхээр тэмүүлэн байхад жагсаалын алхааны хэмнэлт нүргэлээн бүхнийг сэргээж энэ өдрийг цог золбоотой өнгөрүүлэх санаа сэдлийг бэлгэлнэ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл анхны сэтгэгдэл болдог гэж нэгэн үг буй. Өнгөлөг самбаруудаар хаягжуулан бяцхан моддын төгөлүүдийг эмх цэгцтэй тохижуулсан нь ажилсаг нямбай айлын хашааг санагдуулна.
Тав тух хаана байна тэнд хүн оршдог гэдгийг онцлон халуун дулаан уур амьсгалаар хугацаат, гэрээт цэргүүдээ өлгийдөн байдаг энэ сайхан газрыг зорин ирсэн минь учиртай. “Цэргийн амьдрал эхэндээ халширмаар, яваандаа дасмаар, эцэст нь хоргодмоор” хэмээн нэгэн эрхэм хүмүүний хэлсэн үгс цэргүүдийг хархаар л санаад буудаг болсон болохоор ч тэр юм уу, шинэхэн цэргүүдийн сэтгэгдэл ямар байгаа бол гэсэн сониучхан бодол тээсээр ийш ирэв.
“Армийн танк эсэргүүцэн сөнөөх артиллерийн тусгай дивизион” нэртэйгээр 1967 онд байгуулагдсан цагаас өдгөөг хүртэл чадварлаг чансаатай офицер, ахлагч, байлдагч нар хүч хөдөлмөр, итгэл сэтгэлээр түүхээ зузаатгаж яваа энэ ангид бахархалт зүйлс олон бий хэмээн хүүрнэх захирагч хурандаа Б.Даваа-Очирын ярианаас ангийн тухай багагүй мэдээлэл богцлов. Улмаар энэ оны ll ээлжийн цэрэг татлагат тэнцэж тус ангийн эд эс болоод удаагүй ч жагсаалдаа жигдэрч, жавхаалаг алхаж харагдах шинэ цэргүүдийн нэгэн өдрийг онцлохоор сэтгэл шулуудаж штабын байрнаас гарч Тийрэлтэт артиллерийн дивизионы хаалгыг татлаа.
Ээлжтэн цэргүүдийн сүрхийтэл ёслох, офицер, ахлагч нарын “Сайн байна уу?” хэмээн уриалгахан угтах нь их л дотно санагдахад цэргийн ангийн гэсэн тодотголтой бүхнээс сүрдэн, биеэ барьж битүүхэн сандарч явсан миний сандрал арилан онцын тайван болов.
Улс эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу өөрийн хүсэлтээр эр цэргийн алба хаахаар ирсэн залуус жагсаалын бэлтгэл, танхимын хичээл, сэтгэл зүй, соёл хүмүүжил, хуулийн тухай сургалтууд гээд сурч боловсрох, үзэж танилцах зүйлс ихтэй учир их л завгүй байдаг аж. “Тийм”, “Үгүй”, “Ойлголоо” гэх цөөн үгээр өөрийгөө илэрхийлж байгаа цэргүүдийг энгийн нээлттэй амьдралаас ийм хэвшилд шилжсэнийг хөндлөнгийн нүдээр ажихад хэцүү байгаа болов уу хэмээн бодмоор ч угтаа энэ нь асар их хүндлэл, армийн хамгийн том соёл хэмээвэл буруудахгүй биз.
ЖААЛХАН ХҮҮ НЬ ТОМ ЭР БОЛЖЭЭ
Ангийн хашаанд байх бүх байраар зочилж тэргүүн ахлагч Н.Лхагвацэрэнтэй энэ тэрийг ярилцан алхсаар шалган нэвтрүүлэх байраар орлоо. Жижүүрийн суух өрөөний хажуухан талд байх “Уулзалтын өрөө” гэсэн хаяг нүдэнд тусаж үүдээр нь шагайхад ууган зээ хүүгээ эргэхээр халуун цай, хоол барьсаар ирсэн, 80 насыг зооглон буй өвөө, эмээ хоёр сууж байлаа. “Зээ хүүгээ ямар цэрэг болсон бол хэмээн бодож уулзах мөчөө хүлээж сууна” гэхийн сацуу “Хүү минь их мундаг ангид алба хааж байгааг хананд өлгөсөн танилцуулгаас уншиж сэтгэл тэнүүн байна. Өвөө нь өөрөө гурван жилийн цэргийн албыг хаасан хүн. Цэрэгт явна гэдэг эр хүний хувьд хамгийн бахархалтай зүйл шүү дээ. Би хүүгээ цэрэгт явахад нь их баяртай гаргаж өгсөн дөө” гээд л догдлол бахдал хослуулан ярих энэ өвөө бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул М.Дэмиддоров гуай юм.
Харин зээ хүү нь хоёрдугаар батарейны нэгдүгээр салааны байлдагч Т.Тэмүүлэн аж. Төд удалгүй нэгэн цэмцгэр цэрэг дуу шуу болсоор ороод ирлээ. Эмээ нь эвийлэн өхөөрдөж хоолой зангируулан толгойг нь илбэж, хацрыг нь үнсэнэ. Өвөө нь буурьтайхан босож зогсоод “Миний хүү сайн уу” гэсээр угтана. Эрийн цээнд хүрч, эх орны хүү болсон ч ачтай буянтай хоёр бууралдаа алгын чинээ балчир хүү хэвээр байдаг аж.
-За дажгүй юу? гэж намайг асуухад “Тийм” гэж хариулна.
-Хүү нь ямар цэрэг болсон байна вэ? гэхэд
-Ёстой хөөрхөн цэрэг болжээ гээд өвөө нь аньсагаа арчиж харагдана.
Яалт ч үгүй өвөө, эмээгийн хайртай хүү тэвхийсэн сайхан цэрэг болсон байна билээ.
Тангаргаа өргөх тэр мөчид жаахан цэрэг том болж жаврыг ажрахгүй өлчир болсон байх болно доо гэсэн бодол тээсээр уулзалтынх нь үнэ цэнтэй хормыг тэдэнд үлдээж хоёр буурал даа сайн сайхныг ерөөгөөд гарлаа.
“Хүүгээ, ач, зээгээ цэрэгт явуулахаас ч зүрхшээмээр хэцүү юмс их дуулдаад байхаар явуулдаггүй ч юм билүү гэж өөрийн эрхгүй боддог юм байна лээ” гэсэн яриа хаа нэгтээ сонсож явсан миний бодол доторх эргэлзээ сарнив. Цаг нь болохоор би хүүтэй болоод, ижий аав хоёр минь цэрэгт явсан зээгээ эргэнэ гээд энэ хоёр хөгшин шиг сэтгэлээ дэвсэн явах байхдаа гэсэн энгүүхэн мөрөөдлийн ертөнцөөр хоромхон аялаад амжлаа. Эх орондоо тангараг өргөх нуган үртэй хүн бүр энэ сайхан мэдрэмжийг ижилхэн аваасай даа.
ИЖИЛДЭН ДАССАН ЭГЧ АХ НАР МИНЬ
Энд тэндгүй их ажил хөвөрнө. Өвлийн тэргүүн сар өөрөө айлчлан ирээд үүд тогшин байгаа энэ өдрүүдэд ангийн өвлжилтийн бэлтгэл бүрэн хангагджээ. Алба хаагчидтай цөөн хором хөөрөлдөхөд цөмөөрөө л цэргүүдийнхээ тухай ярина.
Соёл хүмүүжлийн офицер шавилхан бүсгүй, сэтгэл зүйч дөлгөөхөн залуу хоёр аль хэдий нь ээ цэргүүдийнхээ ах эгч, гэр бүл шиг нь байдаг болсныг хэн ч харсан анзаарч болмоор. Манай цэргүүд дунд их сайхан дуулдаг, эмч мэргэжил эзэмшсэн, гарын ур дүй сайтай, сурч боловсрох хүсэлтэй гээд л чадварлаг хөвгүүд олон шүү гэнэ.
Жагсаалын бэлтгэлийнх нь үеэр зарим цэргүүдээс цаашдын хүсэл зорилгынх нь тухай сонирхон асуухад “Би үргэлжлүүлэн цэргийн хүн болно”, “Би манай ангийн сэтгэл зүйч дэслэгч Б.Сүх-Очир ах шигээ цэргийн сэтгэл зүйч болно” гээд л ам уралдан ярьцгаана. Хүн гэдэг ижилдэн дасахдаа амархан их л цайлган сэтгэлтэй байдгийн нэгэн жишээ энэ буюу.
Нэг сар ч болоогүй атлаа биесдээ ингэтлээ дассан хэд маань нэг жилийн дараа халагдаад явахдаа гарцаагүй нүдэндээ нулимс цэлэлзүүлж, чин сэтгэлийн нандин үгсийг эрхэм офицер, ахлагч, ээж шиг нь халамжилдаг тогооч эгч, эрдмийн дээжийг бэлэглэгч номын санч, эрүүл энхийг нь сахин хамгаалагч эмч, сувилагч, үлгэр дуурайллынх нь эзэн болсон дарга нартаа хэлээд ч дуусахгүй байх вий.
Цэргүүд англи хэлээ сайжруулна, жолооны сургалтад сууна гээд л олон зүйлсийг төлөвлөсөн байхаас гадна гэр бүл хайртай дотнынхондоо захидал бичсэн гэдгээ сайрхан ярих нь хүн төвтэй, хөвгүүдээ сургадаг тийм нийгэм бидний ирээдүйд зурагдан байгааг мэдрэх туйлын тааламжтай байлаа. Манай улс эх орны дархлаа болсон цэргүүдийн цаашдын харгуй өнгөлөг сайхан байна.
ЭРДЭНЭ МЭТ ХӨВГҮҮД ЭНЭ АНГИД ЦУГЛАЖЭЭ
Нуруу туруу, зүс царай нь ондоо, төлөвшил хүмүүжил, мэдлэг чадвар нь адилгүй олон аавын хөвгүүдийг ижил хувцсаар жигдрүүлж, эв санаагаар зэрэгцүүлсэн энэ ангид АШУҮИС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр дүүргээд зарлан дуудах хуудсаа тэсэн ядан хүлээн байсаар ямар ч эргэлзээгүйгээр эмчийн тангараг, цэргийн тангараг хоёрыг хослуулан өргөх шийдвэрийг гарган ирсэн Хонгор нутгийн хүү байлдагч А.Анхбаярыг цэрэгт явах шийдвэр гаргахад гэр бүл нь тун дурамчхан хүлээж авсан боловч тэр өөрийн хүсэл зорилгоосоо буцалгүй энд иржээ.
Түүний өвөө нь Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ууган цэргүүдийн нэг байсан ба 1969 онд буюу 55 жилийн өмнө энэ ангид алба хаасан нь түүний хувьд бахархалтай түүх аж.
Харин байлдагч Г.Дэлгэржаргалын хувьд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд шуудхан цэрэгт явахаар төлөвлөжээ. Захны даавуугаа хадахад одоохондоо амаргүй байгаа боловч цэргийн амьдрал амттайхан байна гэж ярих айлын ганц хүү тэр бээр ээж, аав, эгч, дүү нартаа ярих сонин сайхан ихтэйгээр тангаргийн баярын өдрөө хуруу даран хүлээж байгаа гэнэ лээ.
Хэнтий аймгийн Биндэр сумаас татагдан ирсэн байлдагч Х.Отгонбаяр албаа хаагаад шуудхан “Цэргийн сэтгэл зүйч” мэргэжлийг эзэмшихээр шийдсэн бөгөөд амьдралын хэвшилдээ олон шинэлэг зүйлсийг шингээн байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж “Манай салааны захирагч нар цол эрэмбэ, чадвар чансаагаараа бидтэй харьцуулшгүй мундаг хүмүүс алтаа яг л бидний ах шиг найз шиг хандах нь хүний мөн чанар хаана ч чухал гэдгийг үлгэрлэн байдаг. Өдөр хоногууд харавсан сум шиг асар хурдан өнгөрөөд байгаа болохоор аль болох ихийг сурч мэдэн бие бялдар, оюун санаандаа чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийгээд нэр төртэй, ярих түүхтэй халагдах хүсэлтэй болсон. Цэрэгт явах хэн нэгний хувьд хүнд хэцүү санагдаж байж болох юм. Гэхдээ үүргээсээ зугтааж явахаас илүүтэй өөрөө туулах шиг зөв зам үгүй. Цэрэг болж олон нөхдийнхөө хамт бүхнийг туулахаар энд ирсэн минь хамгийн зөв сонголт болсныг бататган харуулмаар байна” гэхчлэн ярилаа.
Ямар ч үед яруу алдраа мандуулан байдаг цэргийн амьдрал дэм дэмдээ байхын ухааныг суулгаж “Сэрээд” командаас түрүүлж нойрноос сэрж, орноосоо босохоор яарах тийм л амар амгалан адал явдал дүүрэн байгаа тухайгаа инээмсэглэл тодруулан ярих шинэхэн цэргүүд маань тун өөдрөг байгаа нь юу юунаас илүү сайхан юм аа.
Хэн нэг нь илүүрхэж өөр нэг нь дутуудаж ялгарсан зүйлгүйгээр нэгэн жилийг хамтдаа туулах ээж аавын хайртай хөвгүүд “Тангаргаа өргөөд жинхэнэ цэрэг болно” хэмээн хэлэхэд нь миний бодолд “Хөвгүүд ээ та нар жигдхэн жагссан жинхэнэ цэрэг аль хэдий нь ээ болсон байна шүү дээ” гэсэн үгс эргэлдэн байлаа.
Үдшийн жавар жиндүүлж байсан ч сэнгэнэсэн агаарыг шуналтайхан уушгилан оройн зугаалгыг ажин зогсохдоо цэргүүдийнхээ дуулах дуунуудын үгийн үнэ цэнийг нэг бүрчлэн ойлгож мэдрэх шиг болов.
...Ай хө хороо цэрэг хуаран минь баяртай... гэх дууг амандаа аялсаар ирсэн хүн тухлан саатмаар алба хаасан цэрэг нь аархаж бахархан явмаар Артиллерийн тусгай хороогоор зочилсон энэ л өдрөө өндөрлөж, түгжрэл бухимдал ихтэй түмний хөл татардаггүй хотын төвийнхөө амьдрал руу халган халгасаар эргэлээ.
П.СИЙЛЭГМАА