Энэ долоо хоногийн Баасан гарагт Монгол Улсад орчин цагийн артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой тохиож байна. Тэртээ 1921 оны 3 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар тухайн үеийн ЗСБНХУ-аас хүлээн авсан 76 мм-ийн хоёр үхэр буутай анхны их бууны салаа байгуулагдсан нь орчин үеийн артиллерийн цэргийн үндэс суурь болж, тус оны 11 дүгээр сарын 15-нд Ардын цэргийн I морьт бригадын бүрэлдэхүүнд анхны Их бууны хороог байгуулсан нь өнөөдрийг хүртэл хөгжин дэвшиж байна.
Монголын Зэвсэгт хүчний артиллерчид өөрийн эх орондоо төдийгүй дэлхий нийтийн энх тайван, амар амгалан байдлын төлөөх үйлсэд гар бие оролцож 2003 оноос ИБНАУ-д артиллерийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, зэвсэглэл, техник багаж хэрэгслийг засварлах, артиллерийн батарейнуудыг байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай болгох зорилгоор артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 13 ээлжийн бие бүрэлдэхүүн дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.
Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадаад оронд өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээрээ сургалт, засварыг явуулсан анхдагч төрлийн цэрэг болсон бөгөөд өөрсдийн дадлага, ур чадварыг дээшлүүлэх, бусад орны цэргийн алба хаагчидтай харилцан туршлага солилцох боломж бүрдэж, эх орон, Зэвсэгт хүчин, түүний дотор артиллерийн цэргийн түүх, дайчин уламжлалыг сурталчилсан чухал үйл явдал болсон билээ.
Товчхондоо цэргийн шинжлэх ухаанд их бууг артиллери хэмээн нэрлэдэг. Харин артиллерчин дайчид энэ бууг “Дайны бурхан” хэмээн нэрийдсэн нь учиртай. Түүхэн цаг хугацаатай уялдуулан авч үзвэл артиллерийн зэвсэглэлийн өвөг эцэг нь катабульт (харвагч суурь) бөгөөд хамгийн эртний катапультууд дор хаяж МЭӨ VII зуунд хамаардаг. Цохилтын хүч, хөнөөл сайтайгаас хамаарч цаг хугацаа өнгөрөх тусам энэ төрлийн зэвсэглэлийг улс гүрнүүд дайн байлдаанд түлхүү ашиглах болж жилээс жилд шинэчлэн хөгжүүлж байсан нь өнөөгийн их буу буюу артиллерийн үүсэл болсон түүхтэй.
Энд нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, тус зэвсэглэлийн түүхэн хөгжилд эрт цагийн монголчууд ч зохих байр суурь эзэлдгийг эрдэмтэд нотлоод байна. Тодруулбал, X-XII зууны үед Монгол нутагт оршин тогтнож байсан Китан гүрэн хятад дарь ашиглаж галт зэвсэг туршсан тухай мэдээ түүхэнд үлдсэн. Харин Монгол угсаатан их буут цэрэг байгуулж хөгжүүлсэн түүх ХIII зуунаас улбаатай бөгөөд 1211-1270 оны их байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг аж. Монгол цэргийн их буучид шидэгч суурийг 1211 онд Зүрчидэд хэрэглэж байсан тухай түүхэн сурвалжууд олддог. Тодруулбал, Их эзэн Чингис хаан, жанжин Ямухайгаас “Хотыг эвдэж, газрыг эзлэхүй дор, цэрэг юуг түшэглэмой” хэмээхэд Ямухай “Хотыг дайрахад их бууг урьдаар хэрэглэх хэрэгтэй” хэмээжээ. Чингис хаан 1219 онд Сартуулыг дайлаар мордохын өмнө их бууны шинэ анги зохион байгуулжээ. Чингис хааны нэгэн замыг толгойлсон хүү Цагаадай, отгон хүү Тулуй нар 1222 онд Нишапур хотыг бүслэхэд катапульт 330, балист 3000, гал оруулсан тостой сав шиддэг шатаах хэрэгсэл 700, барилгын хана хэрмийг нураадаг төмөр тэрэг ашигласан нь түүхийн сурвалжуудаар баталгааждаг.
Аугаа их Эх орны дайны үед ЗХУ-ын эрдэмтдийн бүтээсэн БМ-13 буюу Катюша нэртэй тийрэлтэд артиллерийн зэвсэглэл их бууны орчин үеийн хөгжил, дэвшилд гол байр суурийг эзэлдэг. Катюшаг 1941 оны 7 дугаар сарын 14-нд анх удаа ашиглаж эхлэхэд Германы Хуурай замын цэргийн командлагч генерал Франц Гальдерын 1941 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бичсэн тэмдэглэлдээ “Оросуудад гал шидэгч автомат их буу байна. Уг буу цахилгаан шиг хурдан бууддаг. Буудах үедээ их утаа гаргадаг. Энэ бууг олзолбол яаралтай илтгэх” гэж бичжээ.
Энэ зэвсэглэл Москва, Сталинградын хамгаалах, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Байлдаанд оролцохдоо байрлалаа маш хурдан эзэлж буудлага хийж дуусаад тухайн байршлаа сольж маневрлах хурд өндөр байсан нь тухайн цаг үед байгаагүй том дэвшил байсан юм. Дайны дараачаас дэлхийн улс гүрнүүдийн цэргийн эрдэмтэн судлаачид уг их бууны ерөнхий загварт тулгуурлан энэ төрлийн өөрөө явагч их бууны дэвшилтэд олон загварыг зохион бүтээснээр өнөөгийн хөгжил дэвшлийг олжээ.
Одоогоор Орос-Украины хооронд өрнөж буй дайнд их буу, өөрөө явагч их бууг өргөнөөр ашиглаж байна. Учир нь байлдааны талбарт төрөл бүрийн пуужинг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсгүүдээр халхлан устгаж байгаа бол их бууны сумыг ийм байдлаар амдан устгах боломжгүй юм.
Түүнчлэн сүүлийн үеийн энэ төрлийн зэвсэглэлүүд алсын зайнаас ч илүү оновчтой, хүчтэй цохилт өгөх чадвартай болж хөгжиж байна. Энэ чадвар нь эсрэг талын нутаг дэвсгэрийн гол объектууд болон бусад чухал байг тулаанд оролгүйгээр зайнаас устгах боломжийг олгож буй юм. Ингэснээр артиллерийн системүүд хуурай замын цэрэг, мотобуудлагын анги, салбарын чухал дэмжлэг болдгоос гадна баллистик болон бусад төрлийн пуужинг бодвол харьцангуй хямд өртөгтэй. Өөрөөр хэлбэл бага зардлаар эсрэг талдаа үлэмж хэмжээний хохирол учруулдгаараа давуу талтай.
Аливаа улсын Зэвсэгт хүчин зэвсэглэл, техникээ сэргээн сайжруулах нь зайлшгүй мэт боловч төдийлөн өндөр үнэ бүхий нүсэр зэвсэглэлээр хөөцөлдөх нь тийм ч оновчтой сонголт биш гэдгийг энэхүү үйл явдал харуулж байна. Манай улсын Зэвсэгт хүчний дийлэнх бие бүрэлдэхүүн Хуурай замын цэрэгт суурилсан учир орчин үеийн артиллерийн цэргийг цомхон чадварлаг, мэргэжлийн болгох зорилтыг хэрэгжүүлж, буудлага, гал удирдах ажиллагааг автоматжуулах, программчлах, артиллерийн зэвсэглэлүүдийг шинэчлэх, сэргээн сайжруулах болон цэргийн эрдэмтэн, судлаачдын инновацад тулгуурласан шинэлэг зэвсэглэлүүдийг бий болгож их буучдын дараагийн үеийг бэлтгэх нь өнөө цагийн чухал шаардлага болж байна.
Ахлах дэслэгч Т.ИДЭР, гэрэл зургийг Г.БАТ-ЭРДЭНЭ