Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн Батлан хамгаалах Удирдлагын академи болон ЦНДС-ийн Ерөнхий цэрэг, ар талын 3, 4 дүгээр дамжааны сонсогч нар өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, цэргийн захиргааны удирдлагын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Сонсогч нарт тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий Хуурай замын цэргийн талаар танилцуулга мэдээлэл хүргэж, 2024 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас жишээ татан сонирхуулав.
Тэрээр “Зэвсэгт хүчний ирээдүй та бүхний гарт бий. Хэр сайн офицер болж бэлтгэгдэнэ, Зэвсэгт хүчний өнгө төрх тийм байна. Миний хувьд ч та нар шиг 20 гаруйхан настай ийм залуухан сонсогч явлаа. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад тэнгэр газар шиг өөрчлөгдөж, нийгмийн хөгжлөөсөө хамааран өөрийгөө хөгжүүлэх боломж нь дүүрэн болсон байна. Энэ сайхан боломж, завшааныг манай залуус ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь хүсэл мөрөөдлөө болгож орж ирсэн энэ албандаа, мэргэжилдээ эзний ёсоор гялалзах хэрэгтэй. Сурах цаг хугацаандаа сайн сур, ажиллах цаг хугацаандаа сайн офицер нь бол” хэмээн захиад сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүссэн юм. Тэдгээр сонсогч нар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд дадлагын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд нэгтгэлээс тэдэнд алба салбараа сурталчлах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа нь энэ ажээ.