Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн шинэ гал тогоо, соёл мэдээллийн төвийн барилгын нээлтийн ёслолд нэгэн хүндтэй эрхэм уригдан ирсэн нь тус ангийн захирагчаар 1997-2004 онд ажилласан чөлөөнд байгаа хурандаа Жүгдэрийн Дагдан байв. Буурал хурандаагийн баярын сэтгэгдлээс нь хуваалцав.
-Таны ажил, амьдралтай салшгүй холбоотой ангид нь сайхан бүтээн байгуулалт сүндэрлэлээ. Таны сэтгэгдэл?
-Баярлалаа. Миний бие энэ ангийн захирагчаар 1997-2004 он хүртэл найман жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан л даа. Намайг захирагчаар томилогдож байснаас хойших урт хугацаанд ийм бүтээн байгуулалт байсангүй. Би гэдэг нөхөр захирагчаар ирээд 1973 оны барилгууд л хүлээн авч байсан даг. Нөхцөл бололцоондоо тааруулж шавар, будаг түрхэж аргалсаар ирсэн. Харин өнөөдөр цэргээ бодсон, алба хаагчдаа бодсон бүтээн байгуулалтыг хүлээлгэж байгаа БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын удирдлагуудад талархаж байна. Анх барилгын шав тавихад нь бодсон л доо. Хэзээ ашиглалтад ордог юм бол. Дор хаяж 1-2 жил болно биз. Миний бие үздэг байгаадаа гэж. Тэгсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагчид ердөө гуравхан сарын хугацаанд барьж дуусгалаа. Ажил мэргэжилдээ гаршиж, мэргэшсэн алба хаагчид гэж тэднийг л хэлэх байх.
Зенитчид бидэнд тохиож буй энэ баярт өдрийг ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба өөрийн биеэр ирж хуваалцаж, тууз хайчлаад нээлээ. Хошууч генерал С.Ганбямба намайг энэ ангийн захирагчаар ажилладаг байхад Зэвсэгт хүчний 120 дугаар ангид залуухан салааны захирагч байлаа. “Захирагч аа” гэж таниад миний бие хаа, ахуй амьдралыг минь асууж байна лээ, дотно сайхан сэтгэгдэл төрж л суулаа.
-Зенитийн ахмадууд саатаж уулзах өргөөтэй болсноо сонсоо болов уу?
-Анги маань энэ жил бүтээн байгуулалт гээд ахмадуудаа хүлээж авч чадаагүй. Харин сураг сонсох нь ээ, барилгын нээлтийнхээ дараа авах юм дуулдана лээ. Нөгөө хэд маань хараад баярлаад сүйд болно. Саяхан Батлан хамгаалахын сайд мөн ажиллаад явсан байна лээ. Сайд маань Улаанбаатар цэргийн хүрээний жишиг анги болгоход бүх талаас нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэсэн. Энэ амлалт нь хэрэгжээсэй, тэрийг нь үзчихээд үхэх сэн гэж бодох юм. Орчин үеийн шаардлагад нийцсэн ийм сайхан газарт ажиллаж байгаа алба хаагчдад ч тэр, хооллож, уран сайхны үйлчилгээ авч байгаа цэргүүдэд ч тэр хэчнээн сайхан байгаа бол. Үүнийг мэдэрч байгаа манай залуу дарга нар сайн байна. Манай ангийн удирдлагууд ч төсөв байхгүй гээд зүгээр суусангүй цэргийн байр, штабтаа бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийж, “Дайчин алдрын танхим”-аа шинээр байгуулсан байна лээ
Ахмад Д.БОЛОР