Монгол Улсын баатар хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь ажил, амьдралаа холбосон ахмад дайчид, үе үеийн бэлтгэл үүрэгтнүүдийнхээ хөл хөдөлгөөнд хэзээд дараатай явдаг хамт олон билээ. “Ангийнхаа шалганаар ороод гарахад л сэтгэл тайвширч, эерэг дулаан мэдрэмж төрдөг” гэсээр хүрээд ирдэг тэднийгээ ч артиллерчин дайчид алгаа тосон угтан авч, ажил үйлсээ танилцуулдаг уламжлалтай.
Энэ удаа 1977-1980 онд гурван жилийн хугацаат цэргийн албаа хааж байсан ахмадууд зориод ирсэн байна. 1977 оноос 47 жилийн туршид тасралтгүй нөхөрлөж яваа онжавууд төрөлх ангийнхаа барилга байгууламжтай танилцаж, бэлтгэл сургалт хийж байсан орчин тойрноо дурсаж, тэр үеийнхээ анд нөхдүүдийг ч эргэн санацгаах нь сайхан зураглал байсан юм.
Ахмадууд гурван жилийн цэрэг явсан дурсамжаа саяхан эх орондоо цэргийн тангаргаа өргөөд удаагүй байгаа артиллерчин түрүүч, байлдагч нартай хуваалцаж, эх орноо батлан хамгаална гэдэг энэ хорвоод хариу нэхдэггүй хамгийн бахархалт ажил болгохыг ч захилаа. Нутаг нутгаасаа цуглаж, төрөлх ангиа гээд зориод ирсэн ахмад дайчдадаа ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир чин сэтгэлийн талархал илэрхийлж, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.
Ахмад Д.БОЛОР