• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙГ СУРГАЖ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООНД ХАМГИЙН ЗӨВ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-12-04 18:00:35
Үзсэн: 262

АХЛАГЧИЙГ СУРГАЖ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООНД ХАМГИЙН ЗӨВ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-12-04 18:00:35 Үзсэн: 262



   “Ахлагч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай явагдаж өндөрлөв. Хуурай замын цэргийн командлалын байрлалыг түшиглэн зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн даргалах албан тушаалын ахлагч, сургалт бэлтгэл, хүний нөөц хариуцсан албан тушаалтнууд, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар багтсан нь асуудлыг өргөн агуулгаар нь хэлэлцэхэд дөхөм байв.

   ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан “Ахлагчийн албаны хөгжил шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд мөрдэстэй бүхний санал, хамтын ажиллагаа их чухал. Тэр ч утгаараа тэднийг сургаж бэлтгэдэг, томилж мэргэшүүлдэг офицеруудыг хэлэлцүүлэгтээ урьж оролцуулж байна. Тал талаас нь ярилцъя” хэмээгээд үндсэн илтгэлүүдийг сонсож, санал дүгнэлтүүдээ нэгтгэлээ.

   Хэлэлцүүлгээр олон санал дэвшигдэж гарснаас заримыг нь дурдвал цэргийн боловсролын тухай эрх зүйн баримт бичигтэй болох, цэргийн мэргэжлийн стандартыг шинэчлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтаас гарсан санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулагдахаар тогтсон “Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөр-2027”-д төрлийн цэргийн командлал, удирдах газрын “Ахлагчийн хөгжлийн төв”-ийн талаар тусгаж оруулах, ахлагч нарыг сургаж бэлтгэх багш нарын чадамж, хүний нөөцөд анхаарах зэрэг сургалт бэлтгэлийн бодлого шинэчлэл талд нь дагнан ярилцсан юм.

   Хэлэлцүүлгийн явцад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар өөрсдийн саналаа уламжилж, хамгийн чухал сэдвээр шийдэл, гарц хайж байгаа оролцогчдод талархаж буйгаа дурдлаа.

   Бригадын генерал Ч.Цогтжаргал бид олон улсын сайн жишгээс зарим талаараа суралцах ёстой хэмээн онцолж, ахлагч нарыг мэргэжилдээ мастер болгоход бодлогын шинэчлэл зайлшгүй чухал байгааг ч тодотгов. “Магадгүй цаашдаа бид ахлагчийн бүрэлдэхүүнээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүрээнд биш түүнээс дээд түвшинд бэлтгэх шаардлагатай” хэмээгээд өдөр тутамдаа тулгамдаж байгаа бэрхшээлээс илүү ахлагчийн албаны ирээдүй, хэтийн төлөвийг нь тооцож, том зураглалаар харахыг захилаа.

   Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид саналаа нэгтгэж, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан уулзалт, ярилцлагыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажилласан ХЗЦК-ын бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109