Үндсэн хуульт байгууллаар Зэвсэгт хүчнээ хэрхэн чиглүүлсэн нэгэн зууны түүхийг тоймлож үзвэл:
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИАР АРДЫН ЖУРАМТ ЦЭРГИЙГ БАЙНГЫН ЦЭРЭГ БОЛГОЖЭЭ
Улсын Анхдугаар Их хурал 1924 оны 11 дүгээр сарын 8-26-ны хооронд хуралдаж, 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан бөгөөд уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэдэгээ тунхагласан юм. Анхдугаар үндсэн хуульд “Ард түмний эрх чөлөөг хамгаалах, гадаад дотоодын түрэмгийлэл дахин хөгжих замыг таслан сэргийлэхийн тулд ардын хувьсгалт цэргийг байгуулахаас гадна улсын идэр залуусыг цэргийн эрдэмд боловсруулбал зохино” гэж зааснаар улсаа батлан хамгаалах үндсэн чиг үүргийг тодорхойлж эх орноо батлан хамгаалах явдалд иргэнээ сургах нь төрийн хуулиар үүрэг болсон билээ.
Үндсэн хуульд төр засгийн дээд байгууллагаас цэргийн байгуулалтын талаар гүйцэтгэх үүргийг тодорхойлж Улсын их хурал, Улсын бага хурал, улсын бага хурлын тэргүүлэгчид Засгийн газар нь “Улсын дайн байлдан хийх, найрамдах явдлыг эрхлэх, улсын Зэвсэгт хүчнийг байгуулах, удирдах, Засгийн газрын бүрэлдэхүүнд Бүх цэргийн Жанжин, Цэргийн яамны сайд нар байх, Улсын их хуралд Цэргийн яам ажлаа тайлагнах зэргийг тусгажээ. Ийнхүү Үндсэн хуулийн дагуу Монгол ардын хувьсгалт цэргийг байнгын цэрэг болгон өөрчлөх зорилтыг шийдвэрлэхэд цэргийн харилцааг зохицуулах хууль, дүрэм бий болгох шаардлага үүссэн юм. 1924 онд хуралдсан МАХН-ын III их хурлаас Монгол Ардын хувьсгалт цэргийг захирах дүрэм заавар байхгүй тул цэргийн дүрэм бэлтгэх тусгай газрыг Цэргийн зөвлөлийн дэргэд байгуулбал зохино гэж үзэж 1924 оны 10 дугаар сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Бүх цэргийн зөвлөлийн дэргэд цэргийн дүрэм зохиох хэлтсийг байгуулж, тус хэлтэс нь Зөвлөлтийн Улаан армийн олон төрлийн дүрмүүдийг монгол хэлэнд хөрвүүлэн нийтлэх ажлыг эрхэлж, цэргийн удирдлагын байгууллагуудын эрх үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон хууль, дүрмээ боловсруулах ажил эхэлж 1925 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Цэргийн дотоод албаны дүрэм”, “Сахилга журмын дүрэм”, “Хот хамгаалах дүрэм”, “Жагсаалын дүрэм” зэргийг батлуулсан бөгөөд Монгол Улсад үндэсний байнгын Зэвсэгт хүчнийг байгуулах бэхжүүлэх, цэргийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн акт, дүрмүүдтэй болсон түүхтэй. Энэ хугацаанд Ардын журамт цэрэг түүний удирдлага нь Бүх цэргийн зөвлөл байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Цэргийн яам, Бүх цэргийн жанжин, Бүх цэргийн жанжин штаб байх ба, эртний уламжлалаа хадгалсан морьт цэргийг үндсэн төрлийн цэрэг болгох бодлогыг баримталж морьт дивизүүд байгуулж, үндсэн болон орон нутгийн цэрэгт хуваагдаж байсан юм. Энэ түүхэн хугацаанд дэлхийн II дайны анхны галын оч Халхын голд асаж ЗСБНХУ-ын улаан арми
болон БНМАУ-ын МАХЦ-ийн ялалтаар өндөрлөсөн билээ.
ХОЁРДУГААР ҮНДСЭН ХУУЛИАР
ИРГЭНИЙ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ХҮНДЭТ ҮҮРГИЙГ ХУУЛЬЧЛАВ
Улсын VIII их хурлаар 1940 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг 12 бүлэг, 95 зүйлтэйгээр баталсан бөгөөд засаглалын авторитари хэлбэртэй Бүгд найрамдах байгууллыг бий болгов. Тус хуулийн ердүгээр зүйлд “Цэргийн алба хаах үүрэг бол хууль болно. Монгол Урдын Хувьсгалт цэрэгт алба хаах явдал бол БНМАУ-ын ард иргэдийн хүндэт үүрэг мөн” хэмээж, ерэн нэгдүгээр зүйлд “Эх орноо батлан хамгаалах явдал бол БНМАУ-ын ард иргэдийн гүйцэтгэх ариун үйлс болно. Эх орноосоо урваж, тангаргаасаа няцах, дайсны талд орох, улсын цэргийн сүр хүчинд хор хүргэх, гадаад улсын талд тагнуул хийх, эдгээрийг хамгийн хүнд хорт хэрэг хэмээн үзэж хүндээр цээрлүүлэн шийтгэнэ” хэмээжээ.
Энэ хугацаанд МАХН-ын төв хорооны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн XIX хурлын шийдвэрээр ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг аравт, тавьт, зуут, мянгат, түмтийн бүтэцтэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд дэлхийн II дайн ЗСБНХУ-ын ялалтаар өндөрлөн, бид Зөвлөлтийн улаан армийн өвөр байгалийн фронтын өмнөд бүлгийн бүрэлдэхүүнтэй Чөлөөлөх лайнд оролцож дэлхийн II дайныг ялалтаар төгсгөсөн билээ. Ийнхүү 1946 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс МАХЦ-ийг тайван цагийн орон тооны зохион байгуулалтад шилжүүлж МАХЦ-ийг 90 хувиар хорогдуулах, улс ардын аж ахуй, энх цагийн бүтээн байгуулалтад оролцуулах үйл явц өрнөв.
ГУРАВДУГААР ҮНДСЭН ХУУЛИАР
УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМТЫН ХҮЧЭЭР ХАМГААЛАХЫГ ЗОРИВ
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10 бүлэг, 94 зүйлтэй батлагдсан бөгөөд энэхүү хуульд эх орноо батлан хамгаалах үзэл санаа нь “БНМАУ-нь ах дүүгийн социалист тусламжийг түшиглэн империлистуудын түрэмгийллийн эсрэг шаргуу тэмцэн тусгаар тогтнолыг бэхжүүлж, ...БНМАУ энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан, даян дэлхийд энх тайвныг хангах, нийт улс түмэнтэй эв найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн социалист системийн орнуудын ах дүүгийн найрамдал, харилцан туслалцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн энх тайван ч гадаад бодлого явуулна” хэмээсэн. Ийнхүү дэлхийн социалист улс орнуудын алс дорнод дахь аюулгүй байдлыг хангах хамтын үүрэг, цэрэг улс төрийн байдалд нийцүүлж МАХН-ын үзэл суртал, бүх нийтийн цэргийн албаны тухай болон батлан хамгаалах тухай бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, Монгол ардын хувьсгалт цэргийг өргөтгөн зохион байгуулах ажил өрнүүлэн 1961 онд Ардын цэргийн мотобуудлагын анхны хороог, 1964 онд мотобуудлагын анхны тусгай бригадыг байгуулж, Ардын цэргийн өргөтгөн зохион байгуулагдсан нэгтгэл ангиуд ЗХУ-ын шинэ зэвсэглэлээр бүрэн хангагдсан, социалист орнуудын үлгэрлэл бүхий Зөвлөлтийн хэв загвараар дивиз-хороо-батальоны бүтэцтэй, ерөнхий цэргийн арми, төрөл мэргэжлийн цэрэгтэй Монголын ардын армийг бий болгосон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн хүйтэн дайны үе хэмээдэг.
ДӨРӨВДҮГЭЭР ҮНДСЭН ХУУЛИАР
ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ БАЙГУУЛАВ
Монгол Улсын ардчилан Үндсэн хууль 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 6 бүлэг 70 зүйлтэй батлагдаж тус хуулийн арван нэгдүгээр зүйлийн 2-т “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно” хэмээснээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамтын хүчээр хамгаалах тогтолцооноос өөрийгөө бие даан хамгаалах тогтолцоо руу шилжих, социалист нийгмийн үзэл суртал, МАХН-ын бодлого шийдвэрийг үндэс болгосон дүрэм, удирдлагын баримт бичгийг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хууль тогтоомж болгох, Зэвсэгт хүчнийг төрөөс удирдах, иргэний хяналтад байлгах, Зэвсэгт хүчний байгуулалтын тулгуур зарчмуудыг тогтоосон Зэвсэгт хүчний шинэчлэлийн шинэ үе эхлэв. Зэвсэгт хүчний шинэчлэл эрх зүйн орчноо бүрдүүлэх үе буюу манай улс анх удаа 1994 онд Монгол Улсын цэргийн номлолын үндэс гэх цэргийн бодлогыг баталсан нь нийгмийн шилжилтээс Зэвсэгт хүчний шинэчлэл рүү тэмүүлсэн чухал алхам болжээ. Ийнхүү 1996 онд Цэргийн шинэчлэлийн бодлого баримт бичиг, 1998 онд Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг батлуулж “Монгол Улс тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн цомхон чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй байна” хэмээн төрийн бодлогоор зорилтоо тодорхойлж салбарынхаа хууль тогтоомжийг бий болгох, эрх зүйн орчноо бүрдүүлэх ажил эхэлсэн бөгөөд 2015 онд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдаж “Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа болно” хэмээн тодорхойлж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн байх, түүний бүтцийг Хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэнэ, дайны байдал зарламагц хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллага зэвсэгт хүчний бүтцэд шилжих бодлогыг тодорхойлов.
Энэ цаг үеийг олон тулгуурт батлан хамгаалах тогтолцоог эрэлхийлсэн үе гэж дүгнэж болох бөгөөд Манай Улсын дөрвөн удаагийн Үндсэн хуулийн шинэчлэл батлан хамгаалах салбартаа үнэмлэхүй өөрчлөлт шинэчлэлийг авчирч, тэмүүлэлд хөтөлсөн хөгжил дэвшлийг бий болгож иржээ.
ҮНДСЭН ХУУЛЬД ҮГҮЙЛЭГДЭЖ БУЙ ҮЗЭЛ САНАА
Өнөөдөр дэлхий даяар геополитикийн сөргөлдөөний улмаас дайны гал ассан, дэлхийн улс орнууд батлан хамгаалах зардлаа үнэмлэхүй өсөж буйг бид харж байна.
Өнгөрсөн онд Дэлхийн банкнаас гаргасан дэлхийн улс орнуудын батлан хамгаалах зардлын судалгаанаас харвал АНУ 8.8%, БНХАУ өмнөх оноос 2.1%, ОХУ 31.1%, Энэтхэг 6.6%, Саудын Араб 18.7% аар өсжээ. Манай Улсын батлан хамгаалах зардал 9.3%-аар нэмэгдсэн хэдий ч дэлхийд 122-р байранд жагсаж байна.
Израйль- Хамасын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-Украйны дайн улам бүр хүрээгээ тэлж, Украйн улс дайн эхэлснээс хойш 1000 дахь өдрийг тохиолдуулан өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын нийлүүлсэн алсын тусгалтай тактикийн пуужинг ОХУ-ын хилийн Брянск хот руу харвасан бол ОХУ цөмийн номлолоо шинэчилж “Эвслийн орны дайралт, тэр дундаа цөмийн зэвсэггүй орны халдлагыг нийт эвслийн гишүүн орнуудын дайралт гэж үзнэ” гэх өөрчлөлт оруулсан бөгөөд Украйны алсын тусгалт пуужингийн хариу болгон өнгөрсөн пүрэв гарагт Украйны Днепр хотын цэргийн байгууламж руу дунд тусгалын баллистик дуужин харваад байгаа билээ.
Азид дайны гал асаах өндөр магадлалтай орнууд болох БНАСАУ өөрийн үндсэн хуульдаа “Манай нэн тэргүүний дайсан бол БНСУ мөн” гэсэн өөрчлөлт хийсэн төдийгүй өрнөдийн Ким Жон Ун ОХУ-ыг дэмжиж орны эсрэг 11.000 цэргээ илгээгээд байгаа бол БНХАУ нь 2024 онд “Шинэ эриний цэргийн хууль тогтоомж” шинэчлэлийг хийж энэ шинэчлэлээр Ши Жиньпиний цэрэг армийг бэхжүүлэх үзэл санаа, хууль дээдлэх үзэл санаа, цэргийн хариуцлагын тогтолцоог төгөлдөр болгох үзэл санаанд төвлөрүүлж, цэргийн хууль тогтоомжийн хэрэгжих тогтолцоо, механизмыг цогцоор нь, системтэйгээр зохицуулж, Шинэ эриний хятад цэргийн засаглалыг иж бүрэн бэхжүүлэхэд чиглүүлээд байна.
Цагаан хэрмийн цаана шинэ эриний хятадын цэргийн үзэл бүрэлдэж буй энэ үед бид үдэж буй нэгэн зуун жилийнхээ батлан хамгаалах тогтолцоондоо үнэлэлт өгч, Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэсэн “Зэвсэгт хүчин эх орноо хамгаалах үүрэг хүлээх” нэг тулгуурт үзлийг олон тулгуурт, бүх нийтийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах тогтолцоо, үндэсний хэмжээнд эсэргүүцэх, тэмцэл өрнүүлэх, хүч тэнцвэргүй тулаанд үндэстнээрээ сөрөн тэсвэрлэж чадах үзэл санааг өлгийдөх шаардлагатай мэт.
Эх түүхээ үзэхээр аливаа дайн байлдаанд үндэстнээрээ оролцдог, Монгол хүн, Монгол өрх бүр зохион байгуулагдсан, өрх гэрээсээ эхлээд аймаг хошуу, орон нутгаа хамгаалдаг, нэгдсэн хүчээр улс үндэстнээ хамгаалчихдаг тогтолцоо буюу аравт, зуут мянгат, түмтийн тогтолцоотой, үндэстнээрээ эсэргүүцэх, дарах, даван туулах чадвартай бэлтгэгдсэн ард иргэд, цэрэг-улс байсныг хардаг.
Өнөөдөр дэлхий дахинаа үлгэрлэгч /Швейцар/ зарим улсын батлан хамгаалах тогтолцоог ажихад дэлхийн хуурай газрын тэн хагасыг захиран засаглаж, дэлхийн түүхийг бүтээлцсэн өвөг дээдсийн маань цэргийн зохион байгуулалтыг өвч хуулж, өнөө цагт нийцүүлэн “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэх зэрэг янз янзаар нэрлэн батлан хамгаалах тогтолцоогоо болгосон байх юм.
Одоо бид дээрх нэгэн зууны түүхийг цааш үргэлжлүүлэхдээ батлан хамгаалах салбарт зарцуулах зардлаа тогтвортой нэмэгдүүлж, улмаар орчин цагийн улс орнуудын дэвшилтэт тогтолцоо болон Монгол цэргийн өв уламжлалд тулгуурласан бүх ард түмний үндэсний сөрөн тэсвэрлэх, хүчээ нэмэгдүүлэх, үндэстнээрээ эсэргүүцэх бодлого бүхий батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчнээ бэхжүүлсэн бодлогыг Үндсэн хуулиараа тунхаглах шаардлага тулгарч байна.
Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Захиргааны удирдлагын ахлах офицер дэд хурандаа, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Н.ЭРДЭНЭБАЯР